Индэр    
2021 оны 4 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид тодорч эхэлсэн бол МАН, ХҮН эцсийн мөчид нэр дэвшигчээ тодруулна

Зураг

УИХ-д суудалтай нам, эвслүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд тодруулна.

2020 оны парламентын ээлжит сонгуулийн дүнгээр МАН, АН, МАХН, “Зөв ХҮН электорат” эвсэл гэсэн дөрвөн улс төрийн хүчин УИХ-д төлөөлөлтэй болсон.   

Гэвч саяхны үйл явдлаар Н.Энхбаяр даргатай МАХН эрх баригчидтай нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нам, эвсэл оролцохоор болоод байна. Харин тус намаас парламентад сонгогдсон цорын ганц гишүүн С.Ганбаатар АН-д элссэн бол нөгөө талаас түүнийг АН-д элсүүлээгүй гэдэг мэдэгдэл гаргасан нь улс төр учир замбараагаа алдсаны нэг илрэл болов.

МАХН-ын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй, МАН-аас нэр дэвшигчийг дэмжиж ажиллана хэмээн мэдэгдсэн.

Харин МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх нь нэгэнт тодорхой болсон. Улс төрийн ууган хүчин, дотоод зохион байгуулалт сайтай намын хувиар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ярс хийтэл гар өргөн батлах нь дамжиггүй. Тиймээс ч хуулиар олгогдсон гурав хоногийн хамгийн сүүлийн өдөр буюу тавдугаар сарын 2-нд МАН Бага хурлаа товложээ. Цахимаар хуралдах Бага хурлаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батлах юм.

Ардчилсан намын хувьд асуудал хамгийн ээдрээтэй байгаа гэж хэлж болно. Хоёр толгойтой болсон тэдний шинэ дарга нарын хэнийг нь ч Улсын дээд шүүх бүртгээгүй. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө мэдэгдээд буй хүмүүс бүгд тус намын харъяалалтай.

Одоогийн байдлаар М.Тулгат даргатай АН-аас Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар нэр дэвшихээ зарлаад буй. Харин нөгөө тал буюу О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлэв.

Нэр дэвшихээ илэрхийлсэн горилогчдыг тус бүрийн дотоод сонгуулиар сонгоно.

Ийнхүү Дотоод сонгуулийн хорооноос сонгогдсон нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэх юм. Харин СЕХ хоёр АН-аас нэр дэвшигчдийн чухам хэнийг нь бүртгэхээ шийднэ.

“Зөв ХҮН электорат” эвслийн тухайд тавдугаар сарын 2-нд хуралдаж, нэр дэвшигчээ тодруулах товтой байна. Тэд өнгөрөгч хоёрдугаар сараас “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээх аяны хүрээнд цахимаар санал асуулга явуулж эхэлсэн. Иргэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн хүнийхээ нэрийг санал болгох уг аяныг ШӨХТГ-аас зогсоосон. Санал асуулгыг зогсоох хүртэл 17,861 хүн оролцож, 141 хүнийг нэр дэвшүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Дээр дурдагдсан горилогчдоос гадна олны танил эрхмүүдийн дүр бүхий /мэдээллийн эхэнд буй/ шог зураг сошиалд тараад байгаа.

Улстөрчдөөс гадна Б.Болдсайхан эмч, эдийн засагч Д.Жаргалсайхан нарыг дүрсэлсэн уг зураг дахь хүмүүсийг “Зөв ХҮН электорат” эвслээс санаачилсан Ерөнхийлөгчөө захиалъя аяны санал асуулгад хамгийн олон санал авсан хүмүүс гэдэг мэдээлэл байна.

Тэгвэл одоогийн байдлаар зураг дээрх хүмүүсээс таван улстөрч Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоо илэрхийлээд байна.