Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: COVID-19-өөр эндсэн иргэдийн 21.6% нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас баржээ

A.Жаргал
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын тохиолдол 1,169 хүнээс илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 25,364 болоод байна.

Тэгвэл өчигдрийн байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл дийлэнх нь эмэгтэйчүүд байгааг доорх графикаас харах боломжтой.

Тодруулбал, коронавируст халдвараар өвчилсөн 35-аас дээш насны иргэдийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

Шинээр илрэх халдварын тохиолдол өсөхийн хэрээр нас баралт ч нэмэгдэж байгаа бөгөөд хоногт л 2-6 хүн COVID-19-ийн хүндрэлээр эндэж байна.

Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо 62 болсон. Үүнээс 56 хүн нь COVID-19-ийн шалтгаанаар буюу халдварын хүндрэлээр эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 6 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж буй.

Тэгвэл коронавируст халдварын хүндрэлээр эндсэн хүмүүсийг насны бүлэг, хүйсээр нь ангилж харвал эрэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын шалтгаанаар нас барсан 56 иргэний 32 нь эрэгтэй, 24 нь эмэгтэй хүн байна.

Өөрөөр хэлбэл, цар тахлын халдварт хамгийн ихээр өртөж буй нь эмэгтэйчүүд боловч халдвар аваад хүндэрч нас барсан тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байгаа юм.

Халдвар нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал ихсэж байгаатай холбоотойгоор Монгол Улс гуравдугаар сарын 12-ны өдрөөс хөнгөн өвчтөнүүдийг өөрсдийнх нь саналаар гэрт нь эмчилж эхэлсэн. Гэвч зарим хүн халдвар авснаа мэдэлгүй удаан хугацаагаар явсны улмаас хүндэрч, эмчилгээ аваад удаагүй байхдаа нас барах тохиолдол гарч байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нас баралтын 76.5 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан бол 21.6 хувь нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан гэх статистик мэдээлэл байна.