Короанвирусийн халдварын тархалт эрчимжиж, гуравдугаар сарын 12-ноос хойш өдөр бүр 100-аас дээш хүн COVID-19-өөр өвдсөн нь батлагдсанаар сүүлийн 8 хоногийн дотор 1,097 шинэ тохиолдол нэмэгдээд байна.
Хэрэв өдөрт гарах халдварын тоо 200-аас дээш давбал хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй хэмээн Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг Пүрэв гарагт мэдэгдсэн.
Зураг 1. Халдвар тархалтын эрчим
Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эд өрнөж, дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо өнөөдрийн байдлаар 171,535 хүрээд байгаа бөгөөд тавдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөөд байгаа.
Гэвч халдварын тархалт ийнхүү эрчимтэй байгаа тул хөл хорио тогтоовол ямар үр дүн гарахаар байгааг дараах графикаас харж болохоор байна.
Зураг 2. Улсын хэмжээнд 2021 оны 3-р сарын 17-ны өгөгдөл дээр тооцоолж гаргасан дундаж утгууд
Эндээс үзвэл, одоогийн гамшгийн үеийн "Улбар шар" түвшинд вакцинжуулалтаа үргэлжлүүлэхэд 2021 оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24,000-д хүрэх бол хөл хорионы дэглэмийг давхар авснаас энэ тоог 15,000 болгон 37% бууруулах боломжтой гэж тооцсон байна. Түүнээс гадна манай улсад шинж тэмдэггүй үедээ халдвар тараах эрчим олон улсын дунджаас өндөр, хугацаа нь урт байгаа аж.
Доорх тооцооллыг үндэслэн ийнхүү ажлын 5 хоног болон 9 хоногийн хөл хорионы стратеги боловсруулжээ.
Зураг 3. Өвчилж буй явцын тооцоолол
Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй. Өнөөдөр л гэхэд 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж буйг ЭМЯ мэдээлсэн. Түүнчлэн халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас 90 гаруй хувь нь коронавирусийн халдвартай нь батлагдаж байгаа.
Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг тул эрдэмтэд хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!