Төсвийн шууд захирагчдын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар ₮12.9 тэрбумын 1,298 төлбөрийн акт тогтоожээ
Төсвийн шууд захирагчдын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийсэн талаарх мэдээллийг Үндэсний аудитын газраас танилцууллаа.
Үндэсний аудитын газрын Хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг “Энэ жилийн аудит цар тахлын үед хийгдсэнээрээ онцлог байлаа. Дараах байдлаар аудит хийж дуусгаад байна.
- Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийн хөрөнгийг төсвийн шууд захирагчид хэр үр дүнтэй зарцуулж байгаа талаар
- Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт буюу шилэн дансанд тавигдсан мэдээллийг шалгах
- Байгууллагуудын төлөвлөлтөөс нь эхлээд гүйцэтгэл хүртэлх санхүүгийн тоон мэдээллийг баталгаажуулах
Улсын хэмжээнд 2,795 төсвийн шууд захирагчдын санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт гаргасан. Үүнээс
- Зөрчилгүй дүгнэлт - 2,467 байгууллага
- Хязгаарлалттай дүгнэлт- 297 байгууллага
- Сөрөг дүгнэлт -26 байгууллага
- Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан- 5 байгууллага байв.
Аудитаар нийт 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 764.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 12.9 тэрбум төгрөгийн 1,298 төлбөрийн акт тогтоож, 262.7 тэрбум төгрөгийн 2,533 зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлж, 92.8 тэрбум төгрөгийн 4,046 зөвлөмж хүргүүлээд байна" гэв.
Одоогийн байдлаар Төсвийн төвлөрүүлэн захирагчид болон Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланд хийх аудит үргэлжилж байгаа аж.
Түүнчлэн "УИХ-ын Төсвийн байнгын хорооноос аудит хийх сэдвийг баталдаг. Гүйцэтгэлийн аудитын сэдвийг мөн тусад нь баталж өгдөг. Үүний дагуу энэ жил "Эрдэнэс Тавантолгой" компанид гүйцэтгэлийн аудит хийж байна. Мөн "Оюу толгой" компанид гүйцэтгэлийн аудит хийх төлөвлөлтийн шатны ажлыг хйиж байна. Дүгнэлт нь энэ ондоо гарна" гэдгийг Үндэсний аудитын газрын Хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг нэмж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
