Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 13,206 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 77 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,153 болж байна.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.
Шинээр бүртгэгдсэн 77 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. 77 хүний 71 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлаж авлаа.
Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.
Одоогоор 696 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 5 хүн байгаа.
Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж, баяр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе" хэмээн ярилаа.
ШУУД ҮЗЭХ: /2021.03.05/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Дотоодын халдварыг танилцуулбал /2021.03.05/
77 тохиолдол бүртгэгдсэн нь коронавирусийн халдвар гарснаас хойш нэг өдрийн дотор Монгол Улсад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Эргэн сануулахад, хамгийн дээд тал нь 61 тохиолдлыг 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр нэг өдрийн дотор шинээр илрүүлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!