Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ууланд 7 жил амьдарч буй Л.Рэнцэндорж гуайн сургамжит үгс

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал хувь нь буюу 1,539,810 хүн амьдардаг. Үүнээс 100 гаруй иргэн орон гэргүй гэсэн тооцоо бий. 

2021 оны гуравдугаар сарын 3-н.

"Хотын төвд амьдрахаар хэн ирж яах бол, зодох болов уу гээд айж түгших зүйл их. Ууланд амьдрахад тэгж санаа зовох юм байхгүй" хэмээн ярих Л.Рэнцэндорж 74 настай. Тэрбээр Яармагийн дэнжийн урд байх уулаар гэр хийгээд долоон жилийг үджээ. Хамгийн хэцүү зүйл нь даарч хөрж, ханиад томуу хүрэх нь хүндрэлтэй ч "Аль хэцүүг тэр гэх билээ" хэмээн ярьсан юм. 

Л.Рэнцэндорж гуай 1990 оны нийгмийн шуурганд ажил амьдралаа алдсан ч буруу замаар орж, хэн нэгэнд төвөг удалгүй ийнхүү сүүлийн жилүүдэд уулаар гэр хийх болжээ. Тэрбээр энэ амьдралаасаа олж авсан сургамжаа хуваалцахдаа "Би цаг хугацааг маш үр ашиггүй өнгөрөөсөн. Үр дүн нь өнөөдөр ирж байна. Цагийг дэмий өнгөрөөнө гэдэг хамгийн хор уршигтай юм. Цаг хугацаа эргэж ирэхгүй" гэдгийг хэлсэн юм.

ВИДЕОГ MPA.mn:  

Түүний яриаг товчлон хүргэж байна.

  • Энд амьдрахаас өмнө шашин талын сүм хийд, халамжийн газраар нэлээд явсан. Эцэст нь ууланд амьдрах сонголтыг хийсэн. Эрх чөлөөтэй амьдрахыг хүссэн юм. Миний хувьд ингэж амьдрах нь сонирхолтой.
  • Хотын төвд амьдрахад айж түгших зүйл их байдаг. Ямар хүн ирээд зодох бол, хаанаас юу гарч ирэх бол гээд. Харин ууланд айх зүйл байхгүй. Зундаа сайхан унтчихаад өглөө нь лааз, шилээ түүчихнэ.
  • Олсон хоолноос минь хороодог амьтан байна. Зэрлэг гахай хоолны үнэрээр ирдэг байсан. Бас золбин нохойнууд ирж хоол иддэг. Одоо болжмор, алаг шаазгайны хоолыг бэлдээд байж байна. Илүү гарсан холноосоо шувуудад өгдөг. Ийм л адал явдалтай нохой, шувуутай хоолоо хувааж идээд л амьдарч байна даа.
  • Төрийн дууллаа санахгүй байна. Санаж бодох юм байхгүй уул хаданд бүгээд байж байна. Яажшуухан амьдарч явахаа төдийлөн шийдэж чадахгүй л явна.
  • Эр хүн худлаа хэлж, хулгай хийхгүй зөв л явах хэрэгтэй гэж боддог.
  • Долдугаар ангиа төгсөөд Дархан-Уул аймгийн ТМС-д хуваарь аваад, хоёр жил суралцаж ирээд аймагтаа гурван жил слесарь хийж байгаад цэрэгт явсан. Халагдаж ирээд Төв аймагтаа слесарь мэргэжлээрээ 1992 он хүртэл ажилласан.
  • Буруу явсан бол тэр нарсанд нь орох л байсан байх. Хэрэг төвөгт оролцож байгаагүй ээ. Эцсийн эцэст нарны амьдралыг сонгож аваад ууланд нараа дагаад, байгаль эхдээ амьдарч байна.
  • Өглөө гараад өдөр л ирдэг. Олсон ч олоогүй ч хөдөлж л байвал амьд, хөдлөхгүй байвал би үхсэнтэй адил гэж боддог.
  • Би цаг хугацааг маш үр ашиггүй өнгөрөөсөн. Тэрний үр дүн нь өнөөдөр ирж байна. Цагийг хий дэмий өнгөрөөнө гэдэг хор уршигтай аж.
  • Эцсийн эцэст үхлийн цаг гэж юм байна. Эрлэгийн хаан хэзээ аваад явах бол гээд хүлээж байна. Хүлээсэн хүлээгээгүй аваад л явах байх. Тэр хүртэл хөдлөөд л явж байя.
  • Залуучууддаа хандаж хэлэхэд цагийн үнэ цэнийг мэддэг байх хэрэгтэй, цаг хугацаа эргэж ирэхгүй. 
 
Гэрэл зургийг mpa.mn