Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг хавтгай гэдэгт итгэдэг эм зүйч 500 тун вакцин устгасан хэрэг АНУ-д гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Уисконсин мужийн нэг эм зүйч коронавирусийн эсрэг дархлаажуулалтад ашиглахаар хуваарилагдсан 500 тун вакциныг зориуд хөргөгчнөөс нь гаргаж, хорлон сүйтгэсэн байна.

Стивен Бранденбург хэмээх энэ этгээдийг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баривчилж, эхний шүүх хурал нь нэгдүгээр сарын 26-нд болжээ.

Өчигдөр АНУ-ын хэвлэлүүд Бранденбургийн хэрэгтэй холбоотой шүүхийн материалуудыг олж авснаа нийтэлсэн байна.

Уг материалд өгүүлснээр тэр коронавирусийн эсрэг вакцин нь хүн төрөлхтнийг хяналтдаа оруулах зорилготой микро чипийг агуулсан гэдэг хуйвалдааны онолд итгэгч байжээ. Тиймээс тэр өөрийнх нь ажилладаг эмнэлэгт хуваарилагдсан Moderna компанийн 500 тун вакциныг зориуд хөргөгчнөөс нь гаргаж, ашиглах аргагүй болгосон байна.

46 настай Бранденбург нь бас өөр олон хуйвалдааны онолд итгэдэг, тэдгээрийн талаар хамт ажилладаг хүмүүстээ ярьж байсныг Холбооны Мөрдөх Товчоо шалгаж тогтоожээ.

Тухайлбал тэр дэлхийг хавтгай гэдэгт итгэдэг, тэнгэр бол хүмүүст бурхныг харуулахгүйн тулд эрх баригчдын байгуулсан бүрхүүл гэж үздэг байсан гэнэ.

Сүүлийн долоон жилийн турш төрөл бүрийн хуйвалдааны онолд автаж, энэ талаар олон ном зохиол уншсанаа Бранденбург байцаалтын үеэр мэдүүлжээ.

Шүүх түүнд есөн сар хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноож, $10,000-ын торгууль оноох магадлалтай болсныг хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider