Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар болон 7 аймагт коронавирус илрүүлэх PCR төхөөрөмж бий. Төхөөрөмжгүй аймгууд аль ойрхон руу нь сорьцоо хүргүүлдэг"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Архангай аймгаас ирсэн иргэн нийслэл рүү орохоор хүлээж байхдаа нас барсан хэрэг өнөөдөр гарсан.

Энэ талаар НОК-ын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар мэдээлэх үеэрээ иргэдийг орон нутгаасаа гарахдаа PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатайг анхааруулсан юм.

Иймд бид аймаг, орон нутагт коронавирус илрүүлэх PCR шинжилгээний нөөц боломж ямар байгааг тодрууллаа.

Энэ тухай ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од “Улсын хэмжээнд Улаанбаатар хот болон аймгуудад коронавирус илрүүлэх PCR шинжилгээний тоног төхөөрөмж бий.

Үүнээс дурьдвал:

  • ХӨСҮТ-ийн хоёр лабораторид нийт-7,
  • ЗӨСҮТ-ийн лабораторид-4,
  • Ховд аймагт-1,
  • Дорнод аймагт -1,
  • Дархан -Уул аймагт-1,
  • Орхон аймагт-1,
  • Сэлэнгэ аймагт-1,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд-2 ширхэг PCR-ийн тоног төхөөрөмж байгаа юм.

Түүнээс гадна ЗӨСҮТ-ийн харьяа явуулын хоёр авто лаборатори ажиллаж байгаа. Түүний нэг нь Өмнөговь аймагт ажиллаж байгаа бол нөгөө нь одоогоор 22-ын товчоонд ажиллаж буй. Уг явуулын хоёр авто лаборатори нь шаардлагатай аймгуудад очиж ажилладаг.

Мөн есөн аймаг, хоёр дүүрэгт тус бүр нэг цагт 4 шинжилгээ хийх хүчин чадалтай сүрьеэгийн “GeneXpert” аппарат бий. Тус аппаратын урвалжийг сольж коронавирус илрүүлэх шинжилгээ хийж болдог” хэмээн тайлбарлав.

Түүнчлэн саяхан БНХАУ-аас Монгол Улсад хандивласан дөрвөн PCR шинжилгээний аппаратын 2-ыг ХӨСҮТ-д, 2-ыг нь ЗӨСҮТ-д ашиглаж байгааг ч тэрбээр хэллээ.

"PCR төхөөрөмж байхгүй аймгууд зураглалынхаа дагуу аль ойрхон аймаг руу сорьцоо хүргүүлж буй"

Харин PCR шинжилгээний тоног төхөөрөмж байхгүй аймгууд оношилгоог хэрхэн хийж буй талаар “Коронавирус илрүүлэх PCR шинжилгээний төхөөрөмж байхгүй аймгууд тогтсон зураглалынхаа дагуу аль ойрхон аймаг руугаа сорьцоо хүргүүлж буй. Цаашид бид бүх аймагт коронавирус илрүүлэх лаборатори байгуулахаар ажиллаж байна” хэмээн Н.Гэрэлт-Од хэлсэн юм.