Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчийн төрсөн дүү 71 насандаа таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дүү Роберт Трамп өнгөрсөн Бямба гарагийн шөнө өвчний улмаас 71 насандаа таалал төгссөн тухай Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

Ерөнхийлөгч Баасан гарагт Нью Йорк хотын эмнэлэгт очиж, дүүгээ эргэж байв. Роберт Трамп ямар өвчний улмаас нас барсан тухай нийтэд мэдээлээгүй байна.

Талийгаач Нью Йоркийн үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн Фрэд Трампын таван хүүхдийн отгон нь болж 1948 онд мэндэлсэн юм. Тэрбээр өөрөөсөө хоёр насаар ах Дональд Трамптай хамгийн ойр дотно байсан гэдэг.

Дональд Трамп бага насандаа дүүгээ дээрэлхдэг байсан ч өөрт нь хамгийн үнэнч, ойр дотны хүн байсныг дурссан байдаг. Сүүлд тэр бизнесийнхээ бүтэлгүйтлийг дүүдээ тохож, буруутгаж, гомдоож байсан удаатай. “Надаас илүү даруу, зөөлөн хүн. Амьдралдаа би эрчүүдээс ганцхан түүнийг ‘honey’ гэж дууддаг” гэж Дональд Трамп дурссан байна.

Бостоны их сургуулийг төгссөн Роберт эхлээд Уолстритэд ажиллаж байгаад дараа нь гэр бүлийнхээ компанид ажиллах болжээ.

Трампын гэр бүлийн намтрыг бичигч Гвенда Блэйр “Trump Organization-д ажиллаж байхдаа тэр хамгийн сайхан ааштай Трамп гэдгээрээ танигдсан юм. Бүх асуудлыг Роберт л оролцож, шийддэг байлаа” гэж бичсэн байна.

Роберт 2008 онд анхны эхнэрээсээ салсан бөгөөд 2020 оны гуравдугаар сард удаан хугацаанд найзалсан Мэри Паллантай гэрлэж байжээ.

Дональд Трамп болон түүний хүүхдүүд дүү, авга ах Роберт Трампын хойноос эмгэнэн гашуудаж байгаагаа тус тусын сошиал хуудсандаа илэрхийлцгээсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press