Яараад яахав дээ-2 аяныг долдугаар сарын 1-ний өдрөөс зохион байгуулна гэдгийг бид өмнө мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор орон нутгийн зам явж буй тээврийн хэрэгслийн ард сууж яваа зорчигчдыг хамгаалах бүс заавал зүүхийг шаардана гэдгийг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ “Орон нутагт зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаагийн шалтгаан нь хэдийгээр хурд хэтрүүлсэн холбоотой боловч тээврийн хэрэгслийн ард сууж яваа зорчигчид хамгаалах бүсээ зүүдэггүй нь эрсдэл дагуулдаг.
Өөрөөр хэлбэл, осол гарах үед автомашины арын суудалд бүсгүй сууж яваа хүн цонхоор шидэгдэж амиа алдах тохиолдол бий.
Тиймээс бид энэ жил орон нутгийн замд явж байгаа тээврийн хэрэгсэл болгоныг зогсоож шалгахаас гадна арын суудалд сууж яваа зорчигчдыг суудлын бүс зүүхийг шаардана.
Замын хөдөлгөөний дүрэмд ч тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид хамгаалах бүсийг заавал зүүх үүрэгтэй талаар заасан байдаг.
Хэрвээ арын суудлын хамгаалах бүс суудлын бүтээлэгний доор байдаг бол зорчигчдынхоо хамгаалах бүс зүүх боломжийг хангаж, бүсийг ил гаргахыг анхааруулж байна.
Тухайлбал, Сүхбаатар аймагт хоёр настай хүүхэд арын суудалд зориулалтын суудалгүй яваад автомашин эргэх үед хаалга нь нээгдэж, улмаар шидэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Иймд эцэг, эхчүүд хүүхдээ заавал зориулалтын суудалд суулгах шаардлагатай байна" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!