Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: АН-ын үндсэн дүрмийн дагуу хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа хүлээлгэн өгнө

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас мэдээлэл хийж байна.

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Ардчилсан нам 11 суудлыг аваад байна.

Тус намын зарим гишүүн сонгуульд олонх болж чадаагүй бол намын удирдлагууд дүрмийн дагуу огцрох ёстой хэмээн өнөөдөр намын удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн билээ.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/3417996934890830/

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "УИХ-ын ээлжит сонгуулийн талаар мэдээлэл хийе. Ардчилсан нам төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу хариуцлага хүлээж, намын даргын ажлаа хүлээлгэн өгч байна. Энэ талаарх өргөдлөө холбогдох газарт өгсөн.

Энэ удаагийн сонгуулийн дүн нь сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг харууллаа.

Ардчилсан намыг толгойлж оролцсон миний хувьд алдаа, оноотой зүйл олон байлаа. 

Ардчилсан намаас дэвшиж сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцож, нэг баг бололцон хамтарч ажиллаж чадаагүй нь сонгуулийн том боломжийг алдсан. Мөн идэвхтэй сөрөг хүчний байр сууринаас ажиллаж чадаагүй гэж бодож байна.

Сонгогчдынхоо саналыг авч чадаагүйдээ Ардчилсан намын даргын хувьд та бүхнээсээ хүлцэл өчье. Өнөөдөр биднийг дэмжээгүй ч цаашид дэмжлэг авах хэмжээний сонгогч олныхоо итгэлийг хүлээсэн улс төрийн хүчин болж, төлөвшиж ажиллахын төлөө хүчин зүтгэнэ" гэв.

Тэрбээр намын даргын тамгыг түр хугацаанд Ардчилсан намын Дэд дарга Ц.Туваанд шилжүүлэх аж.