Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны ерөнхийлөгчийн ордны 40 ажилтан коронавирусийн халдвар авжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани

Афганистаны ерөнхийлөгчийн ордны 20 албан хаагч коронавирусийн халдвар авсан тухай Бямба гарагт тус улсын засгийн газар мэдээлж байв.

Тэгвэл энэ тоо нэмэгдэж, 40 хүрсэн тухай Нью Йорк Таймс сонин Ням гарагт мэдээлжээ.

Сүүлийн мэдээллийг Афганистаны засгийн газар няцаагаагүй байна. Одоогоор 70 настай ерөнхийлөгч Ашраф Гани халдвар авсан тухай мэдээ ирээгүй байгаа юм.

Ерөнхийлөгч Гани 1990-ээд оны үед хорт хавдрын улмаас ходоодныхоо хэсгийг тайруулж байсан гэдэг. Тиймээс коронавирусийн халдвар авбал хүнд өвчлөх магадлалтай хүн юм.

Афганистан улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 933 тохиолдол бүртгэгдэж, 33 хүн нас бараад байгаа.

Гэхдээ дайны хөлд олон жил нэрвэгдсэн энэ улсын эрүүл мэндийн систем сул, олон хүн оношлох боломж муу тул бодит тоо илүү өндөр байх магадлалтай.

Гуравдугаар сард тахлын томоохон голомт Иран улсад ажиллаж байсан 150,000 гаруй афган хүн эх орондоо эргэж ирсэн юм. Энэ үед мөн хөрш Пакистанаас хэдэн арван мянган хүн буцаж ирсэн нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна.

 

Эх сурвалж: BBC