Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч нь тоохгүй байгаа тул Беларусийн иргэд тахлын эсрэг өөрсдөө тэмцэж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн тахлын аюулыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа цөөхөн хүмүүсийн нэг.

Тус улс хөлбөмбөгийн лигийн тоглолтуудаа үргэлжлүүлж байгаа  Европ тивийн цорын ганц улс болоод байна. Ерөнхийлөгч Лукашенко цар тахлын эсрэг дэлхий нийтээр хийж буй тэмцлийг “хэнээрхэл” гэж нэрлэж байсан бол “Энэ улсад коронавирусийн халдвараар ганц ч хүн нас барахгүй” гэж энэ долоо хоногийн эхээр олны өмнө хэлжээ.

Гэвч 9.5 сая хүн амтай Беларусь улсад хөрш орнуудтай нь харьцуулахад халдварын тархалт илүү эрчимтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 4,200 орчим тохиолдол бүртгэгдэж, 40 хүн нас бараад байна.

Нэгэнт ерөнхийлөгч нь анхаарал тавихгүй байгаа тул Беларусийн сайн  дурынхан, бизнесмэнүүд, төрийн бус байгууллагууд хандив цуглуулж, эмнэлгийн багаж, хамгаалалтын хэрэгсэл цуглуулах ажил эхлүүлжээ.

Тэд #bycovid19 хаштагтай хөдөлгөөн онлайн орчинд өрнүүлж, олон улсын байгууллагууд, бизнесмэнүүд, хувь хүмүүсээс хандив цуглуулж байна.

“Бидний зорилго эрүүл мэндийн системээ бүрмөсөн унагачихгүй байх. Олон газарт, тухайлбал Витебск хотод нөхцөл байдал маш хүнд байна. Тэнд маш олон өвчтөн эмнэлэгт хэвтэж, маш олон эмч, сувилагч халдвар аваад байна” гэж хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Андрей Стрижак ярьжээ.

Беларусьт амны хаалтны эрэлт нэмэгдэж, хар зах дээр ширхэг нь $12 орчмоор зарагдаж байгаа юм. Стрижакын нөхөд нийтдээ $120,000 орчмоор 27,000 амны хаалт, хамгаалах хувцас, хэрэгсэл худалдаж авсныгаа эмнэлгүүдэд тараасан гэнэ.

Нөхцөл байдал хүнд байгаа зүүн хойд Витебск хотын нэг эмчийн мэдээлснээр тус хотын зарим эмнэлгүүдийг засгийн газар хувцас, хэрэгслээр огт хангахгүй байгаа нь эмч, сувилагч нарын дунд халдвар тархах гол шалтгаан болжээ.

“Засгийн газар хяналтыг гартаа авч, эмнэлгийн ажилтнуудын хувцас, хэрэгслийн хангамжийг сайжруулах хүртэл бид ажилласаар байх болно” гэж Стрижак ярьж байна.

 

Эх сурвалж: The Guardian