Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

200 орчим ажилтан, өвчтөн нь коронавирусийн халдвар авсан эмнэлэг Казахстанд цар тахлын халуун цэг болоод байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Казахстаны хамгийн том хот Алматы дахь эмнэлгийн ажилтан, өвчтөн нийлээд 200 орчим хүн шинэ коронавирусийн халдвар авснаар тус улсын цар тахлын халуун цэг болоод байна.

Алматы хотын төв эмнэлэгт халдвар тарсны дараа дөрөвдүгээр сарын 11-нээс хойш хөл хорио тогтоогоод байгаа юм.

Шинж тэмдэг илэрсэн эмч, сувилагч нарыг халдварт өвчин судлалын төвд шилжүүлж, сэжигтэй хэсгийг нь 14 хоног тусгаарлах арга хэмжээ авжээ.

“Миний ажилладаг мэс таслын тасгийн ажилтнуудын 98 хувь нь вирусийн халдвар авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан ганц хүн нь би” гэж дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ярьж байсан эмч Ернар Пиримханаас маргааш нь халдварын шинж илэрч, тусгаарлагдсан юм.

Хотын эрүүл мэндийн газар болон эмнэлгийн захиргааны хооронд халдвар тарсанд хэн нь буруутай талаар маргаан үргэлжилж байна.

Алматы хотын эрүүл мэндийн газрын албан тушаалтан Айзат Молдагасимова дөрөвдүгээр сарын 13-нд болсон хэвлэлийн хурлын үеэр эмнэлгийн эмч нар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадаагүйгээс халдвар тарсан гэж буруутгажээ.

Түүний ярьснаар төв эмнэлгийн эмч нар өөрт нь халдварын шинж тэмдэг илэрсэн ч тусгаарлагдалгүй ажилдаа ирсээр байсан гэнэ.

Харин эмнэлгийн ажилтнууд хотын захиргаа анхнаасаа ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь халдвар тархах шалтгаан болсон гэж хариу буруутгажээ.

Тухайлбал эхэндээ Алматы хотын захиргаа төв эмнэлгийг Covid-19 өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийн тоонд оруулаагүй тул хамгаалалтын хэрэгслээр эмч нарыг нь хангаагүй гэнэ.

Гэвч дараа нь халдвартай өвчтөнүүдийг ямар ч бэлтгэлгүй байсан төв эмнэлэг хэвтүүлэх шийдвэр гаргасан нь халдвар тархах замыг тавьсан гэж эмч Азигуль Жумакулбай ярьжээ.

Дөрөвдүгээр сарын 14-нд халдвар тарсан эмнэлгийн захирал Алмаз Жувашевыг огцруулах шийдвэр гарсан байна.

Тэрээр фэйсбүүк хуудсандаа бичсэн мэдэгдэлд “Амьсгалын замын өвчтэй хүмүүсийг манай эмнэлэг хэвтүүлэх хотын захиргааны шийдвэр нь цагтай бөмбөг тавьсантай ижил үйлдэл болсон” гэж тайлбарлажээ.

Одоо эмнэлгийн эмч, ажилтнууд Жувашевыг буцаан захирлаар томилохыг шаардаж, Молдагасимоваг шүүхэд өгөх тухай ярьж байна.

Казахстаны эрүүл мэндийн яам тус эмнэлгийн эмч нараас уучлал гуйж, асуудлыг нягталж шалгахаа амлажээ.

Сүүлийн байдлаар Казахстанд коронавирусийн халдварын 1,498 тохиолдол бүртгэгдсэний 400 орчим нь эмч, эмнэлгийн ажилтнууд байна. Тэдний ихэнх нь Алматы, Нур-Султан хотын эмнэлгүүдийн эмч, ажилтнууд байгаа гэнэ.

Тус улсад Covid-19 өвчнөөр нийт 17 хүн нас баржээ.

Казахстаны эмч сувилагч нарт хамгаалалтын хэрэгсэл олдохгүй байгаагаас зарим нь өөрийн хийсэн амны хаалтыг хэрэглэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. Орон нутгийн эмнэлгүүдэд байдал бүр хүнд байгаа гэнэ.

Казахстанд гуравдугаар сарын 13-ны өдөр анхны халдварын тохиолдол бүртгэгдэж, Төв Азийн “стан” улсуудын дотроос коронавирусийн цар тахалд өртсөн анхны улс болж байв.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty