Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
- Төсвийн орлого хэр зэрэг буурч байгаа вэ?
- Улсын төсвийн орлого 2020 оны төсөв дээр төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөгөөр дутуу орж ирсэн. Энэ бол эхний улирлын байдлаар гарсан үзүүлэлт. Гуравдугаар сард бидний төлөвлөж байснаас 30 тэрбум төгрөгөөр буурч орж ирсэн. Гэхдээ үүнийг Төрийн сангийн мөнгөн хөрөнгөөр зохицуулах байдлаар ажиллаад, нөхцөл байдалтайгаа уялдаад явна.
- Экспортын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
- Өнөө өглөөний байдлаар экспорт 560 сая ам.доллар, импорт 150 сая ам.доллароор буурсан дүнтэй байна. Иймд эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээнд экспортыг нэмэгдүүлэхийг чухалчилж байгаа юм.
- НДШ-ийг чөлөөлөхдөө дэвтэр дээр яаж бичилт хийх вэ?
- НДШ-ийг авахгүй ч дэвтэр дээр төрийн өмнөөс бичээд явна.
- Дахиад л зээлийн асуудал яригдаж байна. Өмнөх өрөө төлөөгүй байгаа шүү дээ?
- COVID-19 өвчин гарч ирээд ийм байдал үүсгэнэ чинээ хэн ч зүүдлээгүй явсан. Энэ үеийг бид ерөөсөө тооцоолоогүй. Жилийн 3 хувийн өсөлттэй байсан АНУ эдийн засаг хасах таван хувь болно гэж хэн ч зүүдлээгүй. Тэгэхээр бид өнөөдрийн тулгамдаж буй энэ асуудлыг иргэддээ хүндрэлт багатай, ААН-дээ дампууруулахгүйхэн шиг давж гарах вэ гэдэг зүйл нэгт тавигдаж явна.
Үлдэж буй асуудлуудаа шат дараатайгаар шийднэ. Эдгээр санхүүжүүлэлт нь 1-3 хувийн хүүтэй, 30-40 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг ярьж байна. Дээрээс нь арилжааны банкуудаас зээл авахгүй байгаа бөгөөд сая хэлсэн санхүүжилтийнхээ хүрээнд шийдээд явна. Өндөр хүүтэй, богино хугацааны зээл авчихаар төсөвт дарамттай. Өөр сонголт үнэхээр алга.
Бидний хувьд цаашдын нөхцөл байдлыг таах боломжгүй байна.
- Манай улсын зээлжих зэрэглэлд одоогийн нөхцөл байдал хэрхэн нөлөөлөх бол?
- Дэлхий даяар эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас зээлжих зэрэглэл нь өссөн улс гэж байхгүй. Гаднынхан орж ирээд шалгаад үзээд явах л байх.
- ДНБ-ий тухайд ямар төсөөлөлтэй байгаа вэ?
- ДНБ-ий хувьд АХБ 2.1%, Дэлхийн банк 1.5%, Сангийн яам 1%-аар өснө гэсэн төсөөлөлтэй байна.
- Царцсан хөрөнгө оруулалт байгаа юу?
- Царцаад буй хөрөнгө оруулалтын ажил сүүлийн гурван жилийн хугацаанд гараагүй.
- Төсвийн орлого энэ жил тооцоолсноороо орж чадах уу. Төсвөө тодотгох уу?
- Дөнгөж гурван сар өнгөрч байхад төсвөө тодотго гэдэг нь их хариуцлагагүй байдал. Дор хаяж зургаан сарын нөхцөл байдлыг харж байж шийднэ. Долоо хэмжиж нэг огтол гэсэн зарчмаар явна. Өнөөдрийн байдлаар алдаа гараагүй явна.
- Арилжааны банкуудын зээлийн ангиллын талаар тайлбар өгөхгүй юу?
- Арилжааны банкуудаас өөрсдөөс нь зээлийн ангиллыг өөрчлөөд өгөөч гэж хүсэлт ирүүлсэн. Өөрчлөлт оруулбал олон ААН-д олгосон зээлэн дээр арга хэмжээ авах боломжтой байна гэсэн. Бид хүсэлтийг нь тэр дор нь баталж өгсөн. Гэхдээ банкны салбарт реформ хийх ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!