Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

DATA VISUALIZATION: Нийт мал сүргийн 15.9% нь Зүүн бүсэд, Төвийн бүсэд 23.9%, Хангайн бүсэд 37%, Баруун бүсэд 22.6% нь байна

З.Санжаа, iKon.mn
2020 оны 4 сарын 26
iKon.MN
Архив 2020-03-12

2019 оны байдлаар Монгол Улс түүхэндээ хамгийн олон буюу ~71 сая мал тоолуулжээ. 1970 оноос хойш мал сүрэгт ямар өөрчлөлт гарсан, газар нутгийн аль хэсэгт голлон нутаглаж байгаа зэргийг харуулахыг зорилоо. Статистик эх сурвалж: 1212.mn. 
Жич: Дүрслэл десктоп компьютер дээр илүү нийцтэй харагдана.

5 хошуу малын тоо аймгаар (1970-2019 он)

1970-2000 он хүртэл мал сүргийн тоогоор Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймгууд тогтмол тэргүүлж иржээ. Гэтэл 1999-2002 оныг дамжсан ган зуд ба бусад шалтгаанаар Баянхонгор 1.6 сая, Өвөрхангай 1.3 сая, Завхан 1.2 саяар мал сүрэг цөөржээ. 

1970 оноос хойш хамгийн олон тооны мал хорогдсон аймгууд:

  • Өвөрхангай: -3,751,514, Баянхонгор: -3,473,435, Завхан: -3,216,097

2019 оныг 1970 оны нөхцөл байдалтай харьцуулбал:

  • Баруун бүсийн аймгуудын мал сүрэг дунджаар 2.2 дахин өссөн, тэр дотроо Говь-Алтай аймгийнх хамгийн их буюу 2.7 дахин өссөн бол Баян-Өлгий, Увс аймгийнх хамгийн бага буюу 2.0 дахин өсжээ.
  • Хангайн бүсийнх 3.6 дахин өссөн. Архангайнх хамгийн их, 4.2 дахин өссөн бол Баянхонгорынх хамгийн бага, 2.9 дахин өссөн.
  • Төвийн бүсийнх 3.6 дахин өссөн. Үүнд Сэлэнгэ аймгийнх хамгийн их, 4.8 дахин өссөн. Дундговь, Дорноговь аймгийнх хамгийн бага, 3.1 дахин өссөн.
  • Зүүн бүсийнх 3.4 дахин өссөн. Үүнд Сүхбаатар аймгийнх хамгийн их, 3.8 дахин, Дорнодынх хамгийн бага, 2.7 дахин тус тус өсжээ.

Нийт мал сүргийн 15.9% нь Зүүн бүсэд, Төвийн бүсэд 23.9%, Хангайн бүсэд 37%, Баруун бүсэд 22.6% нь байна.

Монголчууд дотоодын хэрэгцээндээ хонин толгойд шилжүүлбэл жилд 15-18 саяыг хүнсэндээ хэрэглэдэг байна.


Хамгийн олон малтай сумд:

  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 639,900 толгой малтай,
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 586,110 толгой малтай,
  • Архангай аймгийн Эрдэнэмандал сум 558,490 толгой малтай.

Дүрслэл дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

Мал сүргийн өсөлт/бууралт (1970-2019 он)

Дүрслэлээс ~10 жилийн давтамжтай ган, зуд цаг зуурын хүндрэл тохиолдсоныг харж болохоор байна.

1999-2002 онуудад үргэлжилсэн ган, зуднаар нийт мал сүргийн 32.1 хувийг алдсан ба энэ нь сүүлийн 50 жилийн хамгийн том хохирол байжээ.

  • 2000 онд Дундговь - 822.4 мянган толгой малаа алдсан бол Өвөрхангай - 797.6, Завхан - 490.7 мянга. 
  • 2001 онд Баянхонгор - 794 мянга, Хөвсгөл - 499.6, Завхан - 454.6 мянга. 
  • 2002 онд Баянхонгор - 719.5 мянга, Говь-Алтай - 704.2, Өмнөговь - 300.4 мянга.

Харин 2009-2010 онд ганцхан жилийн дотор мал сүргийн 25.6 хувийг алдсан. Сүхбаатараас бусад бүх аймгийн мал хорогдсон. Үүнд:

  • Өвөрхангай аймаг хамгийн олон буюу - 1.6 сая толгой малаа алдсан бол Завхан - 1.1 сая, Дундговь - 1.0 сая, 
  • Архангай - 939.9 мянга, Говь-Алтай - 856.3 мянга, Хөвсгөл - 823.1 мянга, Төв - 753.5 мянга, Өмнөговь - 744.9 мянга, Баянхонгор - 721.7 мянга,
  • Увс - 699.8 мянга, Ховд - 629.3 мянга, Дорнод - 337.5 мянга, Булган - 318.4 мянга... г.м

2010 оноос хойш малын тоо тогтвортой өссөн ба хамгийн сүүлд 2017 онд 17 аймгийн газар нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож дараах таван аймагт цаг агаар хүндэрч Баянхонгор - 338.3, Ховд - 300.2, Говь-алтай - 288.3, Өвөрхангай - 282.2, Төв - 102.7 мянган толгой мал хорогджээ.


Мал сүргийн бүтэц (1970-2019 он)

1991, 1992 онд малыг малчдад хувьчилсны дараа буюу 1993 онд нийт сүрэгт эзлэх ямааны хувь хэмжээ 21.8-аас 27.5 болж 5.7 хувиар огцом өссөн бол хонь 57-гоос 52.4 болж 4.7 хувиар бууржээ. Энэ нь сүүлийн 50 жилийн хугацаанд нэг жилийн дотор гарсан хамгийн огцом өөрчлөлт юм.

1993 оноос хойш сүрэгт эзлэх ямааны хувь хэмжээ тасралтгүй нэмэгдсээр 2004-2009 онд хонины тооноос илүү гарсан бол эргээд 2010 оноос хонины тоо сүрэгт тэргүүлж эхэлжээ. 1970 онд сүргийн 18.6 хувийг эзэлж байсан ямаа 2019 онд 41.2 хувь болж нэмэгдсэн. 1970 онд адуу нийт сүргийн 10.3 хувь байсан бол 2019 онд 5.9 хувь болж буурсан. Үхэр 9.3-аас 6.7, тэмээ 2.8-аас 0.7, хонь 59-өөс 45.5 хувь болж багассан байна.