Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс хүнсний хомсдолд орохгүйг салбарын яам БАТАЛЛАА

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэний олон нийтийн сүлжээнд бичсэн “Эртхэнээс эм тариа, хоол хүнсээ сайн нөөцөлж ав” гэх худал мэдээлэл нь нийгэмд хүнсний бүтээгдэхүүний эрэлт үүсгэх шалтгаан болж байна.

Эдгээр ташаа мэдээллийн уршгаар зохиомол үнийн хөөрөгдөл үүсэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр Монгол Улсын хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн тухай мэдээлэл өглөө.

Дотоодын хэрэгцээнд 354.8 мянган тонн мах, 251.5 мянган тонн хүнсний ногооны нөөц бий

Хүн амын зохистой хэрэгцээг хангах 158 хоногийн гурилын нөөц болон 908.6 сая литр сүүний нөөц байна

Түүнчлэн гурилын үйлдвэрүүдийн хүлээж авсан улаанбуудай болон агуулахад байгаа гурилын хэмжээг жишиж, дундаж нэг хүнд ногдох хэмжээг тооцоход хүн амын зохистой хэрэгцээг 158 хоног хангах нөөцтэй байна.

Хүн амын сүүний жилийн хэрэгцээ 2019 онд 154.8 тонн, сүүн бүтээгдэхүүнийх 174.1 тонн байсан бол нөөц нь 908.6 сая литр байгааг дээр хүснэлт харуулж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээг давсан нөөц хангалттай байгаа аж.

"Дуулиан, шуугианаар хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тайлбар хийсэн юм.

Тэрбээр "Ойрын өдрүүдэд дуулиан шуугианаар иргэдийн дунд хүнсээ нөөцлөх нөхцөл бий болж байгааг бид залруулах ёстой.

Манай улсад стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, үүсэх ямар ч үндэслэл байхгүй.

Тухайлбал, энэ жил бид дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургац хурааж авсан. Үйлдвэрүүд хэвийн ажиллагаа явуулж байгаагаас гадна тэжээл үйлдвэрлэлд зориулсан будааны хэрэгцээ хангалттай бий.

Түүнчлэн мах, сүү, төмс, луувангийн ч хомсдол үүсэхгүй.

Учир нь улсын хэмжээнд одоо 9,000 гаруй тонн махыг нөөцлөх ажил эд өрнөж байна. Оны эхнээс л бид махны тайлан баталгаажуулалтыг хийсэн. Яг өнөөдрийн байдлаар 15 мянган тонн махны нөөц үйлдвэрүүд дээр хадгалагдаж байгааг дуулгамаар байна.

Төмс, лууван зэрэг ч жилийн турш жигд борлогдож, иргэдэд хүрнэ.

Иймд дуулиан, шуугианаар хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй. Шинэ коронавирусийн халдвар нийгмийн эрүүл мэндийн ноцтой түвшинд хүрээгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд нотолж буй учир иргэд амгалан байх хэрэгтэй" гэв.

Зарим худалдааны төвөөс фото сурвалжилга хийснийг хүргэж байна.

Гэрэл зургийг Д.Занданбат /Mpa.mn/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.