Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Севол хөлгийн эзэн агсны хүүхдүүдээс Өмнөд Солонгосын засгийн газрын хохирлыг нэхэмжлэхээр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

2014 онд далайд живж, 300 гаруй хүний амийг хөнөөсөн Севол хөлгийн ослын үед гарсан зардлыг хөлгийг эзэмшигч компанийн эзэн агсны хүүхдүүдээс нэхэх шийдвэрийг Өмнөд Солонгосын шүүх өнөөдөр гаргажээ.

Севол хөлгийг эзэмшигч Chonghaejin Marine Co компанийн эзэн агсан Ёо Бюн Юний өв залгамжлагч гурван хүүхэд ослын үед засгийн газраас гаргасан зардал болох 170 тэрбум воныг ($146 сая) буцааж төлөхөөр болсон байна.

6,800 тонны жинтэй Севол хөлөг 2014 онд Өмнөд Солонгосын баруун өмнөд эргээс холгүй живэхэд 304 хүн амь үрэгдсэний ихэнх нь аялалаар явсан дунд сургуулийн сурагчид байсан юм.

Тухайн үед хөлгийн аюулгүй байдлыг хангаагүй гэж буруутгагдсан 73 настай эзэн Ёо Бюн Юн цагдаагийн мөрдлөгөөс зугтаж яваад нас барсныг хээрээс олж байв. Түүнийг бас шашны нэг урсгалын тэргүүн байсан гэдэг.

Севол хөлгийн осол хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж мөрдөгчид сүүлд дүгнэсэн юм. Тухайлбал илүү олон зорчигч тээвэрлэхийн тулд хөлгийн бүтцийг хууль бусаар өөрчилсөн, ачааны хязгаар хэтэрсэн байсан, туршлагагүй баг хөлгийг жолоодож явсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Аюулгүй байдлын стандартыг зөрчсөн үйлдлээ албан тушаалтнуудад авлига өгч, нуусан гэж бас дүгнэжээ.

Севол хөлгийн гамшиг нь Өмнөд Солонгосын далайн тээврийн түүхэнд хамгийн их хохиролтой осол байсан бөгөөд тухайн үед ерөнхийлөгч байсан Пак Гын Хэгийн байр суурийг ганхуулсан юм. Ерөнхийлөгч Пак 2017 онд авлигын хэргээр албан тушаалаасаа огцорч, хуулийн шийтгэл хүлээж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post