Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын 15 настнууд 2021 онд PISA шалгалт өгч олон улсад чансаагаа тодорхойлуулна

Б.Ану
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) гурван жил тутамд олон улсын 15 настнуудаас математик, уншлага, шинжлэх ухаан гэсэн гурван төрлөөр шалгалт авч чансааг нь тогтоодог билээ.

Тэд 2018 онд авсан шалгалтын үр дүнгээ танилцуулаад удаагүй байна.

2018 оны шалгалтад 79 орны 15 настнууд оролцож, дээр дурдсан гурван төрөлд БНХАУ-ын сурагчид тэргүүлсэн талаар бид мэдээлсэн. 2015 онд уг гурван төрөлд Сингапурын сурагчид тэргүүлж байв.

Тэгвэл энэхүү шалгалтын дараагийнх буюу 2021 онд Монголын 15 настнууд шалгалт өгөхөөр бэлдэж байгаа юм. Бэлтгэл ажил ямар түвшинд явж байгааг бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодрууллаа. 

Тус шалгалтад бэлтгэх ажлын хэсгийг Боловсролын Үнэлгээний төвөөс гарган ажиллаж байгаа бөгөөд тус төвтэй холбогдтол "Бэлтгэл ажил өрнөж байна. Одоо бид тус шалгалтад хэчнээн хүүхэд орох, түүврээ хэрхэн сонгох гэх мэт асуудлуудаа OECD-тэй тохиролцож байгаа. 2020 онд туршилтын шалгалтууд сурагчдаас авах болно. Ойролцоогоор 150 сургуулийн есдүгээр ангийн 6-7 мянган сурагчийг түүврийн аргаар сонгон шалгалт авах хүлээлттэй байна" гэсэн юм.

PISA-д шинжлэх ухаан, уншлага, математик гэсэн гурван төрлийн шалгалт багтдагаас гадна шалгалт өгч буй хүүхдүүдээс дэлгэрэнгүй судалгаа авч, сурлагын амжилтын шалтгаан нөхцөлийг дэлгэрэнгүй, судалгаатай танилцуулдаг онцлогтой.

Тухайлбал, сурагчдын хичээл давтах хугацааны зөрүү, боловсролын тэгш бус байдлын үзүүлэлт зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг олгодог.

iKon.mn-ийн Боловсролын тэгш бус байдлыг бууруулах зорилготой цуврал нийтлэлийн хүрээнд ярилцлага өгч байсан Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс "Улс орнууд ерөнхий боловсролын хувьд аль хавьцаа явж байгаагаа мэдэх гэж мөн ямар бодлого боловсруулах вэ гэдгээ тодорхойлохын тулд PISA шалгалтыг өгдөг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ бага улсууд ч энэ шалгалтад орж хүүхдүүдээ шалгуулж байна. 

Өмнөх 2015 оны дүнг уншихаар энд бидний яриад байгаа хот, хөдөөгийн ялгаа байдаг.

Гэхдээ топ 10 буюу эхний байранд орж байгаа улсууд газар зүйн байрлалын ялгаагаа хэрхэн бууруулсан бэ гэдгийг аваад үзэхээр тэд нэгдүгээрт, нийт сурагчдад түүвэрт орсон, ороогүй хүүхдүүдээ дөрөв ангилсан. Онц, сайн, дунд, муу гээд жишээлээд яривал муу байгаа 25 хувиа сайн байгаануудтайгаа холбож өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, алслагдсан, хоцрогдоод байгаа сургуулиудаа хотын төвийн сайн үзүүлэлттэй байгаа сургуультай холбоод, туршлага солилцуулсан байдаг.

Мөн орлого бага эсвэл хөдөөгөөс хотод орж ирсэн хоцрогдолтой хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр явуулсан байгаа юм. Ерөнхийдөө хоцрогдолтой байгаа хүүхдүүддээ мөнгө зарсан байна. Хотод ч тэр, хөдөө ч тэр хоцрогдолтой байгаа хүүхдүүд дээрээ илүү их ажилласан байгаа юм.

Сурагчдад зориулсан зуны сургалт хийх гэх мэтээр ажилласан байдаг.  Жишээ нь, ОХУ гэхэд PISA -ийн математикийн хичээлийн дүнгээ 16 оноогоор ахиулах зорилго тавиад 2009-2015 он хүртэл 14 оноогоор ахиулж чадсан байгаа юм. ОХУ гэдэг газар нутаг хүн амын хувьд юу билээ. Маш нарийн бодлого хийж байж энэ оноогоо ахиулсан" гэж байсан билээ.

Өөрөөр хэлбэл PISA шалгалт өгөх нь тухайн улс орнууд ерөнхий боловсролын чанар, хүртээмж, хүйсийн ялгаа, орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадаж байгаа эсэх асуудал дээрээ дүгнэлт хийхэд дөхөм болдог, дараа, дараагийн шалтгалтад орохдоо амжилтаа ахиулах хөшүүрэг болдог байна.

PISA шалгалтын 2015 оны үр дүн:

 

PISA шалгалтын 2018 оны үр дүн: