Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Индра: Замын цагдаагийн гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгч байгаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээж байна.

2018 оны дөрөвдүгээр сард эхэлсэн уг бүтээн байгуулалтын ажил хоёр жил үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч үндсэн гүүрийг урьдчилан нээж байгаа нь энэ юм.

"Гүүр замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй"
 
Гэрэл зургийг mpa.mn

Гүүрийн хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагааны үеэр Хотын дарга С.Амарсайхан "520 мянган автомашинтай нийслэл хотод та бид мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байна. Бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрийн нэг болох түгжрэл та бидний эрүүл мэнд, хөрөнгө мөнгө, цаг хугацааны дайсан болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

Нийслэл хотод БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Туул гол дээгүүр дөрвөн гүүр/Сонсголон, Яармаг, Замын цагдаа, Баянзүрхийн товчоонд/ барих болон Налайх чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Өнөөдөр нээж буй гүүр замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Үргэлжлүүлэн нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-нд, зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын дундуур нээхээр төлөвлөж байгаа.

Бүтээн байгуулалтын ажлыг гардан хийж байгаа гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх компаниуддаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье" хэмээв.

"Энэ ажлыг гардан хийсэн хүмүүстээ баярлалаа"
 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би саяхан Улаанбаатарчууд таван жилийн амьдралынхаа нэг жилийг машин дотроо өнгөрүүлж байна гэсэн судалгаа харсан. Энэ түгжрэлтэй холбоотой. Анх байгуулагдахдаа 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн хотод маань өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байна. Үүнээс үүдэлтэй түгжрэл, агаар орчны бохирдол гээд олон асуудал гарч байгаа. Түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна.

БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцан энэ сайхан бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаад маш их баяртай байгаа. Хамгийн гол нь энэ ажлыг гардан хийсэн хүмүүстээ баярлалаа" гэлээ.

Бүтээн байгуулалтыг Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилтантайгаар “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” гүйцэтгэж байгаа юм.

"Нарны замд буцаж эргэх үйлдлүүдийг нэмнэ"

Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс 100 жилийн баталгаа өгчээ.

Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "Гүүрийн бүтээн байгуулалт хийгдсэнээр галт тэрэг автомашинтай мөргөлддөг осол гарахгүй болж байгаа. Гүүрийг нээсний дараа Нарны замд буцаж эргэх үйлдлүүдийг нэмнэ.

Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” зөвхөн дотооддоо төдийгүй хөгжилтэй орнуудад ч далай дээгүүр болон доогуур авто зам хийж байсан туршлагатай компани. Бидний хувьд материал, ажлын гүйцэтгэл, чанарт итгэлтэй байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс 100 жилийн баталгаа өгч баталгаат хугацаанд ямар нэгэн асуудал гарвал засварлахад шаардлагатай барьцаа хөрөнгийг үлдээж байгаа" хэмээн хэллээ.