Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын зээлээр гадаадад сургуульд суралцсан ч төгссөн тухай бүртгэл хийлгээгүй 134 хүний $3.3 саяын ӨР хүлээгдэж байна

Б.Ану
2019 оны 8 сарын 12
iKon.MN

Боловсролын Зээлийн Сангаас зээл авч гадаадад сурсан болон сурч буй 1,893 хүний талаарх мэдээллийг бид энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр мэдээлсэн.

Энэхүү мэдээллийн араас олон хүн зээлээ төлсөн, төлөөгүй, Боловсролын Зээлийн Санд бүртгүүлэх гээд очсон ч хүлээж авдаггүй, зээлдэгчдийн мэдээллийг ингэж задруулах ёстой, ёсгүй гэх мэт асуудал үүссэн билээ.

Тэгвэл үүний мөрөөр Боловсролын Зээлийн Сан анх дэлгээд байсан 1,893 зээлдэгчийн мэдээллээ илүү нарийн болгож сарын дараа нь Сангийн Яам түүнийг нь цахим хуудастаа байршуулаад байна.

Илүү нарийн мэдээллээс бид гарсан өөрчлөлтийг нь түүн хүргэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, зээлдэгчдийн мэдээлэл олон нийтэд нээлттэй болсны үр дүнд хийгдсэн зээл төлөлт, зээлдэгчдийн бүртгэл хэрхэн нэмэгдсэн тухайг танилцуулъя. 

Биднийг гуравдугаар сард мэдээлэх үед нийтдээ 1,893 хүн 52,523,430 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 140 тэрбум төгрөгийн зээл авсан, үүнээс 667 хүн нь ямар нэгэн тооцоогүй, харин 1,226 хүний 35,777,295 ам.долларын үлдэгдэлтэй байсан байдаг.

График 1, 2019.3.4 -ний өдрийн зээлдэгчдийн мэдээллийг дүрслэн харуулбал:

 

График 2, Тэгвэл 2019.4.4-ний өдрийн байдлаар (Сангийн яам үүнээс хойш мэдээллээ шинэчлээгүй) зээл авсан 1,893 хүнийг доорх байдлаар ангилж харуулсан байна. 

 

Үүнд:

1. Зээлээ төлсөн 21 хүн байна. Нийт 414,940.76 ам.доллар.


2. Зээлээ төлж байгаа 30 хүн байна. Эдгээр 30 хүний нийт авсан зээлийн хэмжээ 877,655 ам.доллар, үлдэгдэл нь 161,759.8 ам.доллар байна.


3. Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцсан ч төгссөн бүртгэл хийлгээгүй байгаа 134 хүн байна. 134 хүний авсан зээлийн хэмжээ 3,294,356.13 ам.доллар. Эдгээр бүртгэл хийлгэхгүй, ор сураггүй байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг бид 2019.02.26-нд 179 хүний 4.5 сая ам.долларын өр хүлээгдэж байгаа талаар мэдээлж байсан. Ямартай ч мэдээлэл гарснаас хойш 179 хүний тоо 134 болж, зээлийн хэмжээ $4.5 саяас $3.3 сая болж багассан байна. 


4. Одоо суралцаж байгаа 147 хүн байна. Авсан зээлийн хэмжээ нь 4,143,189.05 ам.доллар.


5. Боловсролын Зээлийн Сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж төгсөөд, гэрээний үүргээ биелүүлж сургалтын төлбөрийн ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДСӨН 671 хүн байна. Эдгээр 671 хүний авсан зээлийн хэмжээ 17,039,858.70 ам.доллар.


6. Бүртгэл хийлгэж, ажиллаж байгаа 890 хүн байна. Эдгээрийн авсан зээлийн хэмжээ 26,829,432.88 ам.доллар байна.

Боловсролын Зээлийн Сангаас зээл авч гадны их, дээд сургуульд суралцсан хүмүүс гэрээний нөхцөл биелээгүй бол зээлээ мөнгөн хэлбэрээр буцаан төлөх, гэрээний нөхцөл биелэсэн бол эх орондоо ажиллах байдлаар өрөө барагдуулдаг учиртай.

Ингээд Сангийн Яамнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд мэдээлсэн 1,893 зээлдэгчийн зээлийн статустай ЭНД дарж танилцах боломжтой. Уншигч та бүхэн энэхүү мэдээлэл сарын өмнө нь ямар байдалтай байсныг харьцуулан харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.