Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд “Талын салхи-2019” мото наадам болно

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран “Талын салхи-2019” олон улсын мото наадмыг энэ сарын 8,9-ний өдөр зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд нээн 800 мото спорт сонирхогчид Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө. Өнгөрсөн жилийн наадамд Ерөнхий сайд мөн оролцож байсан юм.

Мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдах бол орой нь ардын урлагийн тоглолт, Улаанбаатар чуулга, Харанга, Харангын Лхагва, Жонон, Хурд, Нисванис хамтлаг, Булсара, Аравт, The Hu, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom, Rapper Gee, Rapper desant, Rapper NMN, Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой.

Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчин мөн Япон, Энэтхэг улсын төлөөлөл оролцоно. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой ажээ.

Мото спорт сонирхогчид холбоо болон нэгдэж Замын цагдаагийн албатай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь чопперчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.