Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монгол Улсын ДНБ-ий хамгийн ТОМ ТАВАН БҮРЭЛДЭХҮҮН

Б.Ану
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хороо өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт буюу бидний хэлж заншсанаар эдийн засгийн өсөлтийн хэмжээг зарлаад байна. 2018 онд манай улсын эдийн засаг 6.9 хувь буюу 7 орчим хувь өссөн тухай мэдээллээ.

ДНБ, оны үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.3 (15.3%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Харин 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэл 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (6.9%) их наяд төгрөгөөр өсжээ.

Тэгвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлдэг салбараар сүүлийн зургаан жилийн статистикийг танилцуулъя.

График 1, ДНБ  юу юунаас бүрддэг вэ, 2013-2018 он, Эх сурвалж: ҮСХ

Графикаас харвал Монгол Улсын ДНБ -нд хамгийн нөлөө бүхийн таван хүчин зүйлийг эзлэх жингээр нь жагсаавал:

  1. Уул уурхай, олборлолт 21.8%
  2. Хөдөө аж ахуй 13%
  3. Бөөний болон жижиглэн худалдаа, авто засвар, үйлчилгээ 12%
  4. Бүтээгдэхүүний цэвэр татвар 11%
  5. Боловсруулах үйлдвэр 7%  гэсэн хүчин зүйлүүд нөлөөлж байна. Эдгээр тав нь ДНБ-ий 65 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. 2017 онтой харьцуулахад хамгийн өндөр өсөлтийн хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар эзэлжээ. Хэдийгээр эдийн засгийн өсөлт өндөр хувьтай байгаа ч энэ нь нийт иргэдийн бодит амьжиргаанд хүртээмжтэй байсан эсэхийг эдийн засагчид янз бүрээр тайлбарладаг. Статистик мэдээгээр иргэдийн бодит орлого 2018 онд өссөн ч зарлага нь дагаж нэмэгдсэн мэдээг бид танилцуулсан. Учир нь инфляцийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал нэмэгдсээр байгаа билээ. 

2019 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт Дэлхийн Банкнаас 6.5 орчим хувь байхаар төсөөлөөд буй.  Харин Азийн Хөгжлийн Банкнаас 2019 онд Монгол Улсын эдийн засаг 6.1 хувиар өснө гэж төсөөлөөд байгаа билээ. 

Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээний тухайд 2018 оны мэдээлэл энэ оны хагаст эцэслэгдэн мэдээлэгддэг байна. Хамгийн сүүлд гарсан байгаа 2017 оны үнээр Монгол Улсын нэг иргэнд ногдох ДНБ 3.7 мянган доллар байгаа бол 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2.3 мянган доллар байна.