Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг Жи Пи Эф ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын Удирдлага аргазүйн газраас 2015 оны долоодугаар сарын 7-ны өдрөөс есдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт хийжээ.
Шалгалтаар Гаалийн лабораторийн агууламжийн нарийвчилсан тооцооллоос үүссэн 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13,199,472,644.50 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг зөрчсөн байна. Энэ заалтыг үндэслэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” зөрчсөн гэж 659,973,632.22 төгрөгийг нөхөн татвар 197,992,089.67 төгрөгийг торгууль 71,702,695.33 төгрөгийн алданги нийт 930,668,417.21 төгрөгийн акт тавьж Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15-н хоногийн дотор шилжүүлэхийг Жи Пи Эф ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл ( Тусгай зөвшөөрлийг цуцлах ) 56.1.10 дахь хэсэгт “тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг.
Гэтэл 2012 оны 7 сард сарын 27-ны өдөр Жи Пи Эф ХХК-ийг Си Си Эм Экс ХХК-д 800 мянган доллараар худалдсан үйлдэлд Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7 дахь хэсэгт зааснаар эрх борлуулсны орлого болох үнийн дүнгийн 30 хувь буюу 240 мянган долларыг татварт төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!