ЖДҮХС-аас зээл авсан байж болзошгүй бусад улстөрчийг АН-ын бүлэг зарлалаа
УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид тав хүртэл жилийн хугацаатай, 300 саяаас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог.
- Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл,
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл,
- Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
- Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.
Тиймээс АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж дээрх албан тушаалтнуудын энэхүү үйлдлийг шалган шийдвэрлүүлэхийг хүсч байна" гэлээ.
Энэ тухай жиргээнүүд:
АН-ын бүлгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандсан албан бичигтээ "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна.
Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас:
- 2016 онд 56.7 тэрбум төгрөг,
- 2017 онд 50.6 тэрбум төгрөг,
- 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд улсын төсвөөс төсөвлөж өгч байсан.
Гэтэл илтэд ашиг сонирхлын зөрчилтэй эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаагаас болж үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байсны уршгаар 2019 оны улсын төсөвт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд суулгах төсвийг танаж багасгасан.
Дурдсан хугацаанд арга хэмжээ авч, хариу ирүүлэхгүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодод оролцохгүй болохыг анхааруулж байна" гэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
