Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мадуро алагдахаас айж буй тул НҮБ-ын ерөнхий ассемблейд оролцох эсэхээ шийдээгүй байгаа гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро хувийн аюулгүй байдалдаа санаа зовж буй тул Нью Йорк хотноо эхэлж буй НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулганд оролцох эсэхээ шийдээгүй байгааг өчигдөр мэдэгджээ.

“Тэд намайг алах санаатай байгааг та бүхэн мэднэ. Би уг нь Нью Йоркод очихыг хүсэж байгаа ч өөрийн аюулгүй байдлыг бас бодолцох хэрэгтэй байна” хэмээн тэр хэвлэлийн хурал дээр ярьсан байна. Гэхдээ Мадуро яг хэн өөрийнх нь амь насанд заналхийлж байгааг хэлээгүй юм.

Тэрээр Венесуэлийн армийн офицер асан хүмүүс АНУ-ын тусламжтай засгийн эрхийг авахаар хуйвалдаж байгаа тухай мөн ярьжээ.

Өнгөрсөн сарын эхээр нийслэл Каракаст болсон цэргийн парадын үеэр түүн рүү чиглэсэн дрон агаарт дэлбэрч, долоон цэрэг шархдсан хэрэг гарсан билээ. Мадуро уг үйл явдлыг амь насыг нь хөнөөх оролдлого гэж нэрлэсэн юм.

Нью Йорк Таймс сонин есдүгээр сарын 8-нд мэдээлэхдээ АНУ-ын албаны хүмүүс Венесуэлийн армийн зарим офицеруудтай уулзсан тухай бичсэн нь Мадурог болгоомжлоход хүргэсэн байна.

Гэвч энэ мэдээллийн дараа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөл “энх тайванч замаар Венесуэльд ардчиллыг буцаан авчрах нь манай бодлого” гэж мэдэгджээ.

НҮБ-ын ерөнхий ассемблейн 73 дахь удаагийн чуулган өчигдөр Нью Йорк хотод эхэлсэн юм. Жил тутмын энэхүү арга хэмжээнд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро 2015 оноос хойш оролцоогүй байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters