Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Чингис хааны зарлигаар анх 1212 онд байгуулсан балгасны туурийг олжээ

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Монгол нутагт монгол, түрэг, уйгур, хятан, нанхиад, перс, араб, согд, баракми зэрэг олон хэлээр хаданд бичсэн, тусгай гэрэлт хөшөөнд сийлсэн эртний бичгийн арвин дурсгал өдгөө болтол хадгалагдан иржээ. 

Тус олон хэлээр бичсэн бичээсүүдийг нэмж илрүүлэх, утга агуулгыг нээн тайлах ажлыг Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 1994 оноос хойш хийж байгаа ба 22 жилийн үр дүнгээ танилцуулсан үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Судалгааны багийнхан Хархорин, Эрдэнэзуу, тэдгээрийн ойр орчмоос монгол, перс, араб, нанхиад зэрэг олон хэлээр бичсэн 20 гаруй хөшөө, хөшөөний хэсэг, барилгын нурууны бичгийг илрүүлэн судалсан байна. Эдгээр бичээсүүд нь XVII-XIV зууны Монголын засаг захиргааны байгуулалт, соёл, эдийн засгийн харилцаа, өрнө дорнын харилцаанд Хархорин ямар байр суурь эзэлж, лалын сүм, шашны сургууль хэрхэн байгуулагдаж мөн тухайн үеийн Монголд газар түрээслэх, эзэмших харилцаа хэрхэн хөгжиж байсан тухай өгүүлсэн нь зөвхөн Монголд төдийгүй XII-XIV зууны Ази, Европ, Арабын орнуудын түүхийг гүнзгийрүүлэн судлахад шинэ эх хэрэглэгдэхүүн болж чадахуйц эх сурвалж болсныг судлаачид онцоллоо.

Судалгааны явцад Чингис хаан Хархорин хотыг байгуулах тухай 1220 онд гаргасан зарлигийг тэмдэглэсэн хөшөөний хугархайнууд олдсон нь судалгааны нэг томоохон содон зүйл юм.

“Бичээс” төслийн баг Монгол Улсын ихэнх аймаг, нутгаар явж, олон хэлээр бичигдсэн 30 орчим хөшөө, хөшөөний хэсгүүд, хадны бичээсүүдийг илрүүлсний үр дүнд өдгөө 6 ном, судалгааны ажлууд нийтлүүлээд байгаа аж.

Мөн төслийн хүрээнд дэлхийн хамгийн эртний байж болох хаданд сийлсэн бичээсийг Дундговь аймгийн Хүрэн хайрхан уулаас олж судалсан байна. Тус хаданд цавчиж сийлсэн нанхиад бичээсийг манай тооллын 89 онд буюу 1929 жилийн өмнө бичсэнээрээ одоогоор хамгийн эртний хадны бичигт тооцогдож байгааг судалгааныхан дурдав.

Халзан ширэг нь Чингай балгас мөн болохыг тогтоожээ

 
Гэрэл зургийг: mpa.mn

Япон Улсын Осака олон улсын их сургуулийн хүндэт профессор Мацута Коичи “Монголын тал нутагт судалгаа хийх болсон анхны шалтгаан нь Япон Улсад цаасан дээр бичсэн эх сурвалжыг ихээр ашиглаж ирсэн. Түүн дээр нэмэх ямар нэгэн эх сурвалж байгаа эсэхийг мэдэхийн тулд бид Монголын нутаг дэвсгэр дээр судалгааны ажил хийж эхэлсэн. Цаашид ч мөн бид энэ төрлийн судалгааны ажлыг гүйцэтгэж, Монголд илүү их судалгаа хийх болно” гэлээ.

Судалгааны багийнхан Монголын баруун аймгуудад удаа дараа хайгуул хийж, Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт сорилын малтлага хийсний үр дүнд Чингай балгасны туурь олжээ. Чингис хааны зарлигаар 1212 онд анх үүсгэн байгуулсан тус балгасыг урьдах эрдэмтэд 100 гаруй жилийн өмнөөс хайж эхэлжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд судалгааны багийнхан Шарга сумын Халзан ширэг хэмээх газарт археологийн сорилын малтлага хийж, олдворын дээжүүдэд Японд он цагийн шинжилгээ хийлгэж, мөн сурвалж бичгийн харьцуулсан судалгаа хийсний үр дүнд Халзан ширэг нь Чингай балгас мөн болохыг тогтоожээ.

Тус балгас нь Монголын эзэнт гүрний Дундад Ази, Ойрхи дорнодод нэвтрэх цэрэг, улс төрийн түшиц газар байжээ.
Монгол-Японы “Бичээс” төслийнхөн Монгол Улсын нутагт буй янз бүрийн хэлээр хаданд бичсэн, хөшөөнд сийлсэн бичээсүүдийг хуулга дардас, гэрэл зургийн хаана ч байхгүй баялаг цуглуулгыг бүрдүүлжээ. 

Судалгааны ажлаар илрүүлсэн бүх дурсгал, олдворууд Монголын Үндэсний музей, Хархорин музей, Монголын түүхийн төв архив, Дүрслэх урлагийн музейд тус тус хадгалагдаж байна. 

“Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэн энэ сарын 10-14-ний өдрүүдэд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллах юм.

ФОТО:

Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг