Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгын чуулган өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр зохион байгуулах чуулга уулзалтад Засгийн газар, уул уурхай, бизнесийн салбарын ТББ, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, судлаач, шинжээчид зэрэг 25 орны 600 гаруй төлөөлөл болон Улаанбаатарт суугаа бүх Элчин сайдын яамнаас оролцож буй юм.
Нэгдсэн чуулга уулзалтаар Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван гарах зэрэг сэдвүүдийг онцгойлон хэлэлцэх юм.
Энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй чуулганы эхний өдрийн үндсэн хуралдааныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлэн, “Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүй, зохицуулалтын орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татаж ажиллах нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд миний хувьд тэргүүн зорилтоо болгон ажиллаж ирлээ. Монгол Улсын уул уурхай, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах чиглэлээр дэлхийн зарим орнуудын санхүүгийн төвүүдэд биечлэн ажиллаж, цаашид ч та бүхэнтэй мөр зэрэгцэн Их Британи, Австрали, Канад болон бусад оронд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн идэвхтэй ажиллах болно” гэлээ.
Мөн сайд Д.Сумъяабазар геологи хайгуул, уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар болон Таван толгой, Оюу толгой ордуудын талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэлийн талаар, бүс нутгийн интеграци ба дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар товч танилцуулсан нь чуулга уулзалтад ирсэн зочид төлөөлөгчдийн анхаарлыг татсан юм.
Нэгдсэн чуулганы эхний өдөр мөн Оюутолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд”, “Лайон Менежер Лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап "Уул уурхайн мѳчлѳг ба Монгол Улс" сэдвүүдээр илтгэл тавина. Үндсэн хуралдааны дараа “Хайгуулаас мега төслүүд хүртэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм. Түүнчлэн “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр”, “Засгийн газрын санаачлагууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвээр салбар хуралдаанууд үргэлжилнэ.
“Дисковер Монголиа-2018” чуулганы үеэр анх удаа бүс нутгийн худалдааг уул уурхайтай холбосон салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлох илтгэлийг тавив. “Монгол Улсын хөгжилд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт түүний илтгэлд “Эрдэнэс Монгол” компани дунд хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, эрчим хүч дэд бүтэц, ложистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгалаа.
Нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэрийн төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, Багануур, Шивээ Овоогийн уурхайд өргөтгөл, техникийн шинэчлэл хийх шаардлага бийг хөрөнгө оруулагчдын сонорт хүргэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны асуудлаар хийсэн мэдээлэл төлөөлөгчдийн сонирхлыг татсан. Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” ХХК гурван сая ширхэг хувьцааг санхүүгийн тайландаа бүртгэсэн ч, хүн амын өсөлтийг харгалзан давуу эрхийн хувьцааг таван сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд давуу эрхийн хувьцаа эзэмшигч стратегийн ач холбогдол бүхий 16 ордын үр ашгийг хүртэнэ” гэдгийг П.Ганхүү захирал илтгэлдээ онцолсон юм.
Харин эрдэс баялгийн нэгдсэн чуулганы хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 7-нд “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл”, “Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд”, “Нийгмийн оролцоо, хамтын хөгжил”, “Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт” сэдвүүдээр салбар хуралдаанууд өрнөнө. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Бизнесийн байгууллагуудын оролцоо, нөлөөлөл” сэдвээр илтгэл тавих бол МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Сурахбаяр “Хүлээгдэж буй хууль эрх зүйн шинэчлэл”, “Эрнст энд Янг Монголиа” ХХК-ийн татварын ахлах менежер Р.Хишигнэмэх "Монгол улсын уул уурхайн салбар дахь татварын орчин", Кинкора Коппер компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг "Чуулга уулзалтын ѳмнѳх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Хѳрѳнгѳ оруулалтыг нэмэгдүүлэх нь" сэдвээр илтгэл тавина.
“Дисковер Монголиа-2018” эрдэс баялгийн нэгдсэн чуулганыг Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ, МУУҮА, Монголын Бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!