Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Соёл урлагийн салбараас төрсөн Монгол Улсын хамгийн залуу гавьяат

А.Намуун, iKon.mn
2018 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Өнөөдрийн хамгийн онцлох үйл явдал нь соёл урлагийн салбараас Монгол Улсын хамгийн залуу гавьяат тодорсон нь байсан юм. Энэ жил 23 настай Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин О.Анужин Монгол Улсын гавьяат цолоор шагнагдлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монголчууд аа, ажил үйлсээрээ манлайлагчид аа

Та бүхэнд Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Төрт ёсны уламжлалын дагуу өнөөдөр ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль гардуулж байна. Төрийн шагнал хүртэгсэд, тэдний гэр бүл, ойр дотныхон, хамт олонд халуун баяр хүргэе.

Хөгжлийн зорилго, амьдралын утга учир нь хүмүүсийн төлөө, бусдад сайн сайхныг авчрахын төлөө, эх орондоо илүү сайныг бий болгох, бүтээх, өрнүүлэхийн төлөөх цуцалтгүй хөдөлмөрт оршдог. Ажил үйлстээ манлайлсан хөдөлмөр, зүтгэл гаргасан иргэдээ Монголын төр сайшаан шагнах нь ч зүйн хэрэг юм.

Өнөөдөр төрийн цол, одон медалиар шагнагдагсадын дунд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өрмийн машинч Батхүүгийн Батбаяр гуай байгаа. Энэ үйлдвэрт 35 жил ажилласан хүн. Энэ жил 40 жилийнхээ түүхт ойг тэмдэглэж байгаа тус үйлдвэрийн амжилт бүтээлийн төлөө амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулан үр бүтээлтэй ажиллаж ирсэн танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байна. Монгол Улсын эдийн засагт олон жил үр өгөөжөө өгч буй “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрч хамт олны 40 жилийн зүтгэлийг Монгол Улсын төр үнэлж байгаагийн нэгэн жишээ нь энэ юм.

Монгол Улсын консерваторийн багш Мишигийн Цэрэндорж, Монголын Боксын холбооны зөвлөх Хайдавын Алтанхуяг нарт Монгол Улсын Ардын багш цолыг олгож байна. Та бүхний сурган хүмүүжүүлэх үйлсэд гаргасан амжилт, зүтгэлийг монголчууд сайн мэднэ.

Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равдан танд Монгол Улсын Ардын жүжигчин цол олголоо. Театр, киноны урлагт бүтээсэн чадварлаг дүрүүд болон үгийн урлаг, өгүүлэх арга зүйг бүтээлчээр хөгжүүлэх үйлсэд гаргасан амжилт, бүтээлийг тань төр өндрөөр үнэлж байна.

Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч Машлайн Энхтуяа таныг Монгол Улсын гавьяат эмч цолоор шагнаж байна. Монголчуудын найман хүн тутмын нэг, нийслэлчүүдийн гурван хүн тутмын нэг нь “Нэгдүгээр төрөх” гэж олноо нэршсэн энэ эмнэлэгт мэндэлсэн байдаг бөгөөд эх барих эмч, хүйн ээж нарыг төлөөлүүлэн таны нөр хичээнгүй хөдөлмөрийг Монголын төр үнэлж байгаа юм.

Усжуулалт, усны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, говийг усжуулах төслүүдийн техникийн үндэслэлийг боловсруулах, эх орныхоо усны нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг үйлсэд чармайн ажилласныг тань үнэлж Норпилын Чагнаа танд Байгаль орчны гавьяат ажилтан цол олгож байна.

Дархан-Уул аймгийн иргэн Боожийн Цэвээн Монгол Улсын гавьяат тариаланч цолоор шагнагдаж байна. 1961 онд Хонгорын сангийн аж ахуйд илгээлтээр ирсэн цагаасаа хойш өнөө хүртэл тариалангийн талбайд зүтгэж, залуу тариаланчид, хадланчдыг сурган дадлагажуулж, нутаг орондоо хүнлэг сэтгэлийг тарааж явааг тань ийнхүү үнэлж байна.

Өнөөдөр шагнал хүртэж байгаа бүх манлайлагчид, сайчуудад халуун баяр хүргээд, ажил амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Үйлс, буян тань Сүн далай шиг арвин болтугай.

Өлзий, хутаг тань Сүмбэр уул шиг бат болтугай,

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд бадраг” гэлээ.

 
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг