Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэрэндоржийн гудамжинд усан оргилуур барьж, өвөрмөц хэлбэртэй мод, бут суулгана

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд бариад байсан барилгын хашааг буулгажээ.

Тус гудамжийг хэвээр үлдээх болсонд баярласан иргэд олон нийтийн сүлжээнд гудамжны зургийг оруулж, хотын даргад талархал илэрхийлж байгаа юм.

Тэгвэл  тус гудамжийг хэвээр үлдээх, орчин үеийн тохижилттой болгох тухай хотын даргын захирамж хэрхэн хэрэгжиж байгааг Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын ахлах мэргэжилтэн Д.Хан-Уулаас тодрууллаа.

- Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд барьсан хашааг хэзээ буулгасан бэ?

- Яг хэзээ буулгасан талаар мэдээлэл надад алга байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Хотын даргын гаргасан захирамжийн дагуу буулгасан. 

- Тус захирамжид Б.Цэрэндоржийн гудамжинд тохижилт хийх тухай үүрэг өгсөн байсан. Хэрхэн тохижуулах талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Хотын дарга гудамжийг хэвээр үлдээн, иж бүрэн тохижуулахыг даалгасан байсан. Хотын даргын захирамжийн хүрээнд тохижилтын санал гаргаж, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж, санал дэмжигдсэн. Одоо Архетиктур төлөвлөлтийн даалгавраа боловсруулж Нийслэлийн Захирагчийн Ажлын Албанд танилцуулна. 

Ер нь бол хуучин тохижилт, хөшөө дурсгалуудыг хэвээр үлдээнэ. Нэмж нэг усан оргилуур барихаар төлөвлөж байгаа. Тhe Beatles-н хөшөөний орчмыг арай орчин үеийн шийдэлтэйгээр тохижуулж, өвөрмөц хэлбэртэй мод бут суулгахаар төлөвлөсөн.

Хотын даргын гаргасан захирамжид:

“Монголын барилгын үндэсний ассоциацтай байгуулсан Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ажлыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулах”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон НХТЕТГ-т тус тус даалгасан байна.

Фото /2018 оны тавдугаар сарын 28/

Гэрэл зургийг mpa.mn