Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Японы бух тулалдуулагчид дэвжээн дээрээ эмэгтэй хүн гарахыг хүлээн зөвшөөрлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японы тогю гэгддэг бухын тулааныг зохион байгуулагчид Бямба гарагт “ариун” дэвжээн дээрээ эмэгтэй хүн гаргадаггүй байсан түүхэн уламжлалаа анх удаа цуцалж, орчин үетэй хөл нийлүүлэх алхам хийлээ.

Сүмогийн нэгэн адил бухын тулаан болдог дэвжээг давс, сакэ архиар ариутгаж, эм хүйстнийг ойртуулдаггүй шинто шашны хатуу дэг ёстой байсан юм.

Өнгөрсөн Баасан гарагт Ниигата мужийн Ямакошид болсон тэмцээний нээлтийн дараа анхны эмэгтэй болох Юки Аракиг бухаа хөтлөн дэвжээнд гарч ирэхийг зохион байгуулагчид анх удаа зөвшөөрсөн байна.

“Өнөө цагт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг дээдэлдэг болсон. Бид дэвжээгээ эмэгтэйчүүдэд нээснээр манай уламжлалт бухын тулааны соёл цаашид урт удаан хугацаанд хадгалагдана гэж найдаж байна” гэж Ямакошигийн бухын тулааныг зохион байгуулагчийн төлөөлөгч Кацуши Сэки ярьжээ.

Тэмцээний эцэст матадорын гарт бух нь амиа алддаг Испаний бухын тулаанаас ялгаатай нь тогю бол цус гаргадаггүй. Зөвхөн эврээр нь тулгаж мөргөлдүүлсээр нэг бух нь нөгөөгөө дэвжээнээс хүч түрэн гаргадаг байна.

Сүүлийн сар гаруй хугацаанд Сүмо бөхийн дэвжээнд эмэгтэйчүүд гарахыг хориглодог уламжлалыг тойрсон маргаан Японд хүчтэй өрнөж байгаа.

Дөрөвдүгээр сарын эхээр дэвжээн дээр ухаан алдаж унасан хүнд анхан шатны тусламж үзүүлэхээр эмэгтэй хүн дэвжээн дээр гарахад Сүмогийн шүүгч нар албадан буулгах гэж оролдсон нь иргэдэд хүчтэй шүүмжлүүлж байв.

Үүнээс хэд хоногийн дараа Хёго мужийн Такаразука хотын дарга эмэгтэйг сүмогийн дэвжээн дээрээс үг хэлэхийг нь хориглож байсан юм.

Дараа нь Шизүока мужид болсон хүүхдийн сүмогийн тэмцээнд охидыг оролцохыг хориглосон нь мөн л олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан байна.

Саяхан Японы Сүмогийн Холбоо эмэгтэйчүүдийг дэвжээнд гарахыг хориглодог уламжлалын талаар олон нийтийн дунд санал асуулга явуулахаар шийдсэн юм.

 

Эх сурвалж: Japan Times