2017 онд 20 жилийн ойгоо тэмдэглэж буй “Сант” бүрэн дунд сургуулийн нэгдүгээр ангийн бяцхан сурагчдын “Эрдмийн баяр” Сorporate Convention Center-т зохион байгуулагдлаа. 9 дүгээр сарын 1-ний өдөр “Сант” сургуульд таван бүлгийн 120 гаруй хүүхэд элсэж ийнхүү дөрвөн сарын дараа уншиж, бичиж, бодож сурснаа эцэг эх, гэр бүлдээ тайлагнасан юм.
“Ангиа таньсан бидний баяр
Амьдралын эхний саруул зам
Ардын сургуульд орсны баяр
Арвин эрдэм сурсны баяр” хэмээх шүлгээр “Эрдмийн баяр”-ын нээлт эхэллээ.
“Сант” сургуулийн 1 дүгээр ангийн багш, Боловсролын Тэргүүний Ажилтан Л.Цэрэндолгор “Миний 12 дахь төгсөлтийн 6 настай шавь нар маань өнөөдөр Эрдмийн баяраа тэмдэглэж байна. 6 настай мөртөө өөрийнхөө хэр чадлаас хэтэрсэн зүйлийг хүүхдүүд маань сурсан. Энэ баярыг тохиолдуулаад “Сант” сургуулийн нийт багш, сурагч, эцэг эхчүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье.
Хүүхдүүд дүүргэх ёстой сав биш дүрэлзэх ёстой бамбар байдаг. Миний хүүхдүүд маш сайн уншиж, бичиж, бодож сурсан. Тиймээс цаашдын аянд нь улам их амжилт хүсэж, эрдмийн хязгааргүй оргилд гарахдаа шантрахгүй, бэрхшээлийг давж, сайн сураарай” хэмээн хэлэв.
Бид зарим сурагчидтай уулзаж тэдний баярыг хуваалцсан юм.
“Монгол хэлний ном” болсон сурагч Ч.Арьяа “Дээдэс өвгөдөөс бидэнд заяасан Дээдлэн биширмээр эх хэлнийхээ Яндашгүй баялгийг өвлөн суралцах Мундашгүй чадлыг өөртөө агуулсан Мөрөн голын урсгал мэт сонсголонтой Монгол хэлний сурах бичиг би” хэмээн уянгалуулан уншив. Мөн тэрбээр 1 дүгээр ангид ороод олон зүйл сурсан, өнөөдөр гэр бүл, багш нараа баярлуулах гоё байсан тухай бидэнд ярьсан юм.
“Зураг урлалын ном” болсон сурагч Э.Мандахнаран “Өнгийг бид ялган будахдаа өргөн дэлхийг багтаадаг билээ. Дүрсээр бид дүрслэн зурахдаа дуулим хорвоог дутаадаггүй билээ. Уран зурахын ухааныг заадаг урамтай сурах бичиг би шүү дээ” хэмээн уншив. Мөн тэрбээр “Би нэгдүгээр ангидаа уншиж, бичиж, тоо бодохыг сурлаа. Гоё байсан. Манай анги 27 сурагчтай. Өнөөдөр бид Эрдмийн баяраа тэмдэглэж байна” гэсэн юм.
Эцэг эхчүүдийг төлөөлж 1 дүгээр ангийн сурагч Т.Анхлангийн ээж Д.Ичинхорлоогоос сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр ““Сант” сургууль маш сайн сургалттай. Сурагчид нь бүх төрлийн хичээл, урлаг, спортоороо илүү амжилт гаргадаг учраас би заавал энэ сургуульд хүүхдээ сургана гэж зорьсон. Хүүхдүүд маань нэгдүгээр ангидаа маш сайн суралцаж байгааг өнөөдөр харлаа. Хийсэн зүйлс, сурсан дуу, шүлэг нь бахархал төрүүлж байна. Сэтгэл маш их өндөр байна. Сургуулийн нийт хамт олонд маш их баярлалаа” гэв.
“А” үсэг болсон сурагч Т.Анхлан “Нэгдүгээр ангид суралцах маш гоё байна. Бид тайзан дээр гарч дуу дуулж, шүлэг уншлаа. Би “А” эгшиг үсэг болсон” гээд эгшиг үсгийн тухай шүлэг уншиж үзүүлэв.
Эрхлэн наадах тоглоомоо орхиж эрдмийн оргил руу тэмүүлсэн үр хүүхдээрээ бахархсан эцэг эхчүүдийн нүднээс баяр баясгалан, аз жаргал гэрэлтэж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!