Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"ОУ-ын харилцаа, дипломат албаны мэргэжилтнийг бэлтгээд 25 жил болчихсон сургуулийг татан буулгах нь зүйд нийцэхгүй"

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуульд бүтцийн  өөрчлөлт хийх шийдвэрийг өнгөрсөн Мягмар гарагт гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Олон Улсын Харилцаа, нийтийн Удирдлагын Сургуулийн багш оюутнууд өнөөдөр эсэргүүцлээ илэрхийллээ.

ОУХНУС-ийг татан буулгах юм бол МУИС-ийн багш нар оюутнуудаа уриалан жагсаал, цуглаан зохион байгуулж, хийж болох бүхий л шатны арга хэмжээг авна

Энэ талаар ОУХНУС-ийн ахлах багш  Д.Оюунсүрэн  "МУИС бол төрийн өмчийн сургууль. Өдгөө 1,000 гаруй багш 23,000 гаруй оюутан суралцдаг. Ийм том сургуулийн бүтцийн асуудлыг ердөө захиргааны зөвлөл гэсэн хэдхэн эрх мэдэл бүхий хүний саналаар шийдвэрлэх гээд байгаа юм. Бүхэл бүтэн МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох ОУХНУС-ийг тэр чигээр нь татан буулгаад тэнхим болгоно гэнэ. Энэ ганц удаагийн хэрэг биш. 

Энэ сургуулийг татан буулгаснаар тэдэн төгрөг хэмнэнэ, оюутнуудад тийм ашигтай гэсэн судалгаа, нотолгоо байхгүй. Цаашлаад дотор нь ажиллаж, сурч байгаа багш ажилчдаас саналыг нь асуугаагүй.

Гэнэт л наймдугаар сарын 22-нд манай сургуулийг татан буулгахыг дэмжсүгэй. Удирдах зөвлөлийн хурлаар оруулж батлуулсугай гэсэн шийдвэр гаргачихсан байсан. 

Хэрэв Удирдах зөвлөлийн хурлаар ОУХНУС-ийг татан буулгах юм бол МУИС-ийн багш нар оюутнуудаа уриалан жагсаал, цуглаан зохион байгуулж, хийж болох бүхий л шатны арга хэмжээг авна" гэсэн юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин тус сургуулийн оюутнууд "Бид анхнаасаа ОУХНУС гэсэн нэр дор элссэн. Өөрсдийн хүсэл сонирхлоороо энэхүү сургуульд элсэн суралцсан байтал бидний санал хүсэлтийг сонсолгүйгээр татан буулгах гэж  байгааг эсэргүүцэж байна. Оюутнууд байгаа учраас энэ сургууль оршин тогтнож байгаа. бидний саналыг сонсох нь чухал" гэдгийг хэлж байлаа. 

Гэнэтийн шийдвэр манай бүрэлдэхүүн сургууль болон МУИС-ийн нэр хүндийг унагасан хэрэг гэж үзэж байна

ОУХНУС-ийн тэнхимийн эрхлэгч Ж.Баттогтох "Монгол Улсад олон улсын харилцаа, дипломат албыг бэлтгэдэг төрийн тусгай алба гэж байдаг. Тийм учраас дотооддоо энэ мэргэжилтнийг бэлтгээд 25 жил болчихсон сургуулийг татан буулгах гэж байгаа нь зүйд нийцэхгүй.

Цаашдаа улам хөгжиж цэцэглэх ёстой байдал, туулсан замналаасаа ухраад тэнхимийн хэмжээнд очно гэдэг бол байж болохгүй. Энэ гэнэтийн шийдвэр манай бүрэлдэхүүн сургууль болон МУИС-ийн нэр хүндийг унагасан хэрэг гэж үзэж байна" гэлээ. 

Фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг