Халаалтын зуух, агаар цэвэршүүлэгч, дулаалгын төхөөрөмж угтах байх гэтэл хананд өлгөсөн өнгийн жаазтай зураг угтлаа. Хэн ч харсан уран зураг шиг харагдах энэ зүйл яг үнэндээ эко зурган халаагуур ажээ. Энэхүү халаагуурыг “Дэлгэр Онон Эко Партнерс” ХХК таван жилийн баталгаат хугацаатай худалдаалж байгаа юм байна. Бидний мэдэх цахилгаан тенн, паарууд орчин үед халдаг зураг, халдаг плита, халдаг ширээ гэх мэт хэлбэрт шилжжээ.
Энэхүү халдаг зурагны цахилгаан дамжуулж буй үндсэн түүхий эд нь хүрмэн чулуу ба карбоноор хийсэн хавтан. Ямар ч цахилгаан утас байхгүй учир хавтанг цөмлөх, цоолох, тайрах, ямар ч тохиолдолд халах чадвар хэвийн ажиллахаар хийгджээ. Хамгийн сонирхолтой нь хэрэглэгчийн хүссэн өнгө, будаг зургаар хийж өгөх бүрэн боломжтой гэнэ. Цахилгаан зарцуулалтын хувьд бусад халаагуураас 1-2 дахин бага гэдгийг хэлж байлаа. Үнийн хувьд хэмжээнээс хамаарч 250,000 – 780,000 мянга хүртэл байгаа аж.
ACHsvs компанийн төсөл хариуцсан менежер Ц.Түмэндэлгэр “Монгол гэрт зориулсан угсардаг гэдгээрээ онцлог. Газардуулгатай нь шийдэж өгөх учраас ямар нэг аюул үүсэхгүй. Цагны хэрэглээ, дулаан мэдрэгчийг суурилуулсаfн. Мөн халдаг хэсгүүдийг хэсэгчлэн унтраах боломжтой. Цахилгаан зарцуулалтын хувьд сард дунджаар 100,000 орчим төгрөг гарна. Хэрэв хөнгөлөлтөд хамрагдсан бол 20,000 орчим гарна. Гэрийн шалнаас гадна орон сууцанд зориулсан ч бас бий” гэсэн юм.
Ахуйн хэрэглээний халаах төхөөрөмжөөс гадна оффис, эмнэлэг, сургууль, худалдааны төвүүд, цэцэрлэг, үйлдвэрүүдэд зориулсан 100мкв-аас дээш талбайг халаах чадвартай ууран бойлуур байсан юм. “Энэхүү бойлуур нь 15-20 минутын дотор халдаг. Сарын дулааны зардлыг ердийн тосон бойлууртай харьцуулахад 70% хүртэл хэмнэх боломжтой Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм” гэж VACUUM компанийн ажилтан В.Ариунтуяа хэллээ.
Монгол хүний оюун ухаанаар бүтсэн зурагтаас бага тог зарцуулдаг эко цахилгаан халаагуурыг танилцуулж байна гэх хаягт бүхий хэсэгт очиж “Дэвжих Элч” ХХК-ийн менежер Д.Сайнжаргалаас мэдээлэл авсан юм. Тэрээр энэхүү бүтээгдэхүүн нь 7 жилийн турш шинэчлэгдэн сайжирч, энэ жил патентаа авснаар иргэддээ худалдаалж буй дотоодын бүтээгдэхүүн юм. Усан ба тосон, хүрмэн чулуун тог өсгөгчтэй гэсэн үндсэн гурван төрөлтэй. Хамгийн гол нь орчноо халааж дууссан тохиолдолд өөрөө автоматаар унтардаг. Орчны 18-25 метр халаах боломжтой. Гаднах төмөр нь халахгүй учраас түлэгдэх аюул байхгүй гэсэн юм. Бүтээгдэхүүний үнэ 380,000-480,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Үзэсгэлэнг үзэж байсан Баянзүрх дүүргийн иргэн С.Төмөр “Би 62мкв хувийн жижиг байшингаа халаах төхөөрөмж хайгаад явж байна. Агаараа бохирдуулахгүй бас дээр нь даарахгүй байхад энэ л их тус болно. Иргэд ч бас энд ирж үзэж сонирхоорой. Бүх зүйл нэг дор сайхан үзэсгэлэн болж байна. Нүүрснээс татгалзаж цахилгаан халаагуур хэрэглэх хэрэгтэй л гэж бодож байна даа” гэсэн юм.
Энэ мэтчилэн байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух үйлдвэрлэгч байгууллагын зуух, гэр болон байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг дэлгэн тавьжээ.
Уг үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хэмжээнд “Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө’’-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд мэдээлэх зорилготойгоор энэ сарын Наймдугаар сарын 20 хүртэл Баянзүрх дүүрэгт байрлах “Шинэ Айл” цогцолборт үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн фото сурвалжлага: Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!