"Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Өдөрлөгт нийт 40 орчим байгууллага оролцож, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа бөгөөд 09:00 цагаас 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Тухайлбал төрийн өмчийн их дээд сургуулиуд болон Орхон их сургууль, Зохиомж дээд сургууль, Улаанбаатар их сургууль мөн Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтэс зэрэг байгууллага оролцож байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр оролцогч байгууллагууд иргэдийн асуултад хариулт өгөх, санал, зөвлөгөөнийг хүлээн авах болон хүүхдийн хөгжлийн сорил авах, боловсролын баримт бичиг нөхөн олгох, боловсролын зээл өгөх, элсэлтийн ерөнхий шалгалтын тест бөглөх, сургалтын тоног төхөөрөмж дээр ажиллах, туршилт хийх, хүүхдийн хоолны амталгаа зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Тус өдөрлөг маргааш дуусна. Өдөрлөгийн үеэр ХААИС-ийн төлөөлөлтэй уулзаж, их сургуулиудын хяналтын тооны талаар тодрууллаа.
ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа "Хяналтын тоог тухайн сургуулийн удирдах зөвлөл тогтооно. Удирдах зөвлөл хөдөлмөрийн зах зээл, нийгмийн эрэлт хэрэгцээг харж байж хяналтын тоог тогтоодог.
Хуучин БСШУЯ-аас нэгдсэн байдлаар тогоож өгдөг байсан.
Хяналтын тоог манай сургуулийн хувьд сургалтын орчин, хичнээн оюутан хамруулах хүчин чадалтай зэргээ харж байж тогтоодог.
Сургалтын төлбөр хяналтын тоо хоёр уялдаатай байх ёстой. Сургуулиудын хувьд орлогын эх үүсвэр нь сургалтын төлбөр байдаг.
Тиймээс хяналтын тоогоо сургуулийнхаа норм хэмжээнээс давуулах тохиолдол гардаг.
Улсын хэмжээнд энэ жил 37,000 хүүхэд Ерөнхий Боловсролын Сургуулийг төгсөж байна.
Цаашид Хөдөө Аж Ахуйн их сургууль байгаль экологи болон мэдээлэл технологийн чиглэлийн оюутан бэлтгэнэ" гэлээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|