Эрхэм хүндэт Эрдэнэтчүүдээ
Эрхэм хүндэт Сонгогчидоо
Өнөөдөр миний би энэ цаг үеийн хүндрэлийг сөрж, ачааг үүрэхээр эрхэм нөхдийнхөө хамтаар УИХын сонгуульд өрсөлдөж байна. Өөрийн амьдрал, хувийн ажлаа хойш тавьж улс орныхоо хөгжил, хүн ардынхаа ирээдүйд өөрийн үнэт зүйлс, эрдэм мэдлэгээ зориулж үр хүүхэд, эрхэм дүү нартаа эрүүл нийгмийг хүлээлгэн өгөхөөр сэтгэл шулуудлаа.
“Зөв хүн Электорат” эвсэлд эрдэм боловсролтой, ажил амьдралын туршлагатай, нэр цэвэр залуучууд, сэхээтэнүүд нэгдэж хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж хүчирхэг Зөв Монгол иргэнийг бий болгохыг зорьж байна.
Монгол орон минь арвин баялагтай, Онгон байгальтай, хүчирхэг оюунтай, ард түмэнтэй билээ. Гэтэл яагаад алтан дээр суусан гуйлгачид хэмээн дуудуулах болов? Яагаад баялаг нь цөөн хэдэн эрх мэдэлтэн, тэдний танил талын хармаанд орох ёстой юм бэ? Монголын баячууд бол баян хүн биш тэд бол луйварчид хэмээн гадаадыхан яагаад хэлэв? Яагаад Монгол улсыг хар эдийн засагтай хэмээн олон улс хар жагсаалтанд оруулж байна вэ? Энэ бол Монгол хүн бүхэнд дэлхий сануулж, хэлж өгч байгаа үнэтэй зөвлөмж гэж харах цаг болсоны илрэл юм шүү.
Эрхэм Сонгогчидоо! Нийгмийн хөгжлийн зөв давалгааг өнөөдөр дэмжихгүй бол өнгөрсөн 30 жил шиг маргаашийн 10, 20, 30 жил үргэлжлэх болно. Тийм учраас энэ удаагийн УИХ-ын сонгууль бол дараагийн дарга эрх мэдэлтнүүдийг сонгох биш үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө цохилох зүрх, үнэт зүйлтэй зөв хүнээ сонгох сонголт байх болно. УИХ-н гишүүн Сонгогч таны дарга бишээ, УИХ-н гишүүн Сонгогч таны ажилтан юм. “Зөв хүн Электорат” эвслээс нэр дэвшигч бид намын төлөө амьдраагүй ээ, өнөөдрийн бэрхшээлд нугаралгүй Монголоо Монголоор нь хадгалж эх орноо хөгжлийн зөв шатанд гаргах чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, эрдэм мэдлэг, итгэл үнэмшил шингээсэн “Зөв хүн Электорат” эвслийн мөрийн хөтөлбөрөө дэмжүүлэхээр ирлээ.
Хүн төвтэй БОДЛОГО-ыг хэрэгжүүлж, Хүчирхэг ДУНДАЖ ДАВХАРГА-ыг бий болгоно.
Улс орны төрийн жолоог “Боловсролтой, сэтгэлгүй хүнээс Сэтгэлтэй зөв хүнд” итгэл хүлээлгэхэд анхаарах цаг болжээ. Боловсролтой, сэтгэлтэй иргэдтэй улс орон хөгжлийнхөө чиг баримжааг гээлгүй урагшлан хөгжсөөр байгааг өнгөрсөн 30 жилийн дэлхийн түүх харуулж байна.
Тиймээс “Зөв хүн Электорат” эвсэл ажил амьдрлын туршлагатай, эрдэм боловсролтой, үнэт зүйлтэй, залуусаар багаа бүрдүүлж “Хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж, Хүчирхэг Монгол иргэний төлөө” мөрийн хөтөлбөрөө судалгаа, шинжилгээнд тулгуурлан боловсруулсан. Хүнээ дээдэлсэн төрийн бодлогыг бий болгож боломж бүрийг иргэндээ гарган өгөх мөрийн хөтөлбөрийг дэвшүүллээ.
Бид танд материаллаг зүйл амлаагүй, цаашид ч амлахгүй . Бид танд боломжийг бий болгож чадна.
Иргэдийнхээ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ БУУРУУЛАХГҮЙ байх нь төрийн ЭРХЭМ ҮҮРЭГ-үүдийн нэг нь билээ.