Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний боловсролд: Интернэтийн тухай хэдэн үг...

Н.Батжаргал
2016 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн 30 гаруй улс орны тэргүүн, АНУ-ын мужийн захирагч нарын 84 хувь, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа болон сонгуульд өрсөлдөгч нэр дэвшигч бүх хүн, дэлхийн тэргүүлэх шашны лидерүүдийн 40 гаруй хувь нь твиттерт байдаг аж. Манай Бат инженертэй адилхан жиргээд л. Гэхдээ тэр нөхөд Монголчууд твиттерийг “жиргээ” хэмээн орчуулж, ёолкоо хамт тэмдэглэж, заримдаа нийлэн хуушуурдаж, жилдээ цөөнгүй удаа олон нийтэд тустай ажил хийн “жиргэцгээдгийг”  мэддэггүй. 

Энэ бүхэн зөвхөн хэн нэгний “гавьяа” биш, ердөө л технологийн дэвшил хүн бүрийн гарт ирсний үр дүн билээ. Өнөөдөр мобикомын “Ертөнцийг таны гарт атгуулна” гэх гоё уриа улам бүр утга төгөлдөр болсоор байна, харин өөрснөө ийм болно гэдгийг төсөөлж байсан болов уу.

Өнөөдөр автобус хүлээгээд зогсож байгаа оюутны үүргэвчинд дэлхий тэр чигээрээ багтдаг болчихож, харин өөрсдөө мэдэж байгаа болов уу. Ер нь үүргэвчинд битгий хэл гарын алганд багтдаг болчихлоо. Ширээн дээр, гарт барьсан утсанд тань, сургуулийн анги танхимд, гэрт гадаагүй, хаана л бол хаана хүн төрөлхтний “хоёр дахь амьдрал” буцалж байна.

Үүнийг бид интернэт гэж нэрлэдэг. Гэхдээ интернэт гэдгийгээ дутуу төсөөлдөг.

Нүдэнд харагдсан ч “зөвхөн хуруунд л тэмтрэгдэх амьдрал”. Шинэ тайлбар хэлэх гэхээр үг дутах ойлголт. Уран зохиолын хэлээр бол “учрал хагацал” хоёр секундэнд хэдэн зуун саяараа бүртгэгдэж, хөтлөгдөж үргэлжилж байдаг газар. Шинээр амьдрал үүсч, устаж мөхөж, дахин шинээр байгуулагдаж, энэ нь секунд болгонд бүртгэгдэж байдаг юм. 

Үүнтэй зэрэгцээд дэлхийн хамгийн том хөрөнгийн биржийн мэдээ, хамгийн том сонин сайтын мэдээллүүд цаг тутам шинэчлэгдэж байна.

Ажилдаа явахдаа өөрийнхөө салбарт хаана юу болж байгааг гэрлэн дохион дээр зогсонгоо л харчихна. Харилцааны чиг хандлага, хамрах хүрээ манайхны мэддэг нэг “нам”-ын, нэг сургуулийн, нэг аймаг нэг улс орны битгий хэл нэг тивийн хил хүрээнээс аль хэдийн хальжээ.

Өөрийнхөө бодсон санасныг дэлхий нийтэд дуртай цагтаа, дуртай үедээ бичээд явуулчихна. Дэлхий тэр чигээрээ надтай хамт байна. Дэлхий аврал эрсэн үедээ надад хэлнэ, тусламж хэрэгтэй үедээ би ч гэсэн дэлхий нийтэд хандана.

Хэрвээ хүсвэл өнгөрсөнд болон ирээдүйд зочилж, болж өнгөрсөн, болж магадгүй үйл явдлыг дуу дүрстэй, өнгөтэй бодитоор харах боломж “хуруу” болгонд бий болсон байна.

Хүн болгонд, бүр хүссэн хэн бүхэнд энэ бололцоо нээлттэй байна.

Дэлхийн хамгийн сайхан ууланд алхаж, хамгийн сайхан номын сангаар зочилж, хамгийн сайхан дуу хөгжмийг сонсож болно.

Аливаа зүйлс, аливаа юмс үзэгдэл чи ба бусад, чинийх ба бусдынх, зөвхөн чинийх ба дэлхий нийтийнх гэсэн хуваагдалд орж байна. Хүссэн нэг нь компьютерийн дэлгэц дээрээ дэлхийн хамгийн том номын сангуудыг, дэлхийн хамгийн олон уншигчтай вэбсайтуудыг, дэлхийн хамгийн шуугиант мэдээлэлтэй сонинуудыг ангилан ялгаж үзэж болж байна.

Энэ нь угаасаа тэр хүнийх байсан юм шиг сууж байх юм. Сая сая ном, сая сая мэдээлэл тэдний хурууны үзүүрт байна гээд төсөөл дөө. Хэлний мэдлэг нь хүрдэг л юм бол энэ ертөнцийн бүх үйл явдлыг уншаад мэдчихнэ, хэрэгтэйгээ ялгаад авчихна. Хүн болгонд, бүр хүссэн хэн бүхэнд энэ бололцоо нээлттэй байна. Интернэтийн гайхамшиг нь чухам үүнд л байгаа юм.

Энэ хөгжлийг дагаад бизнес хийх сэтгэлгээ, бизнес хийх хурд, бизнес хийх боломж хязгааргүйгээр нэмэгдэж байна. Бизнес хийхэд боловсрол чухал биш байсан цаг саяхан. Харин одоо Тамирын голын мөсийг долоох шахам хөдөлмөрлөх шаардлагагүй болов. Интернэтийн эрин зуунд боловсрол, сэтгэх чадвар, сэтгэх хурд, гадаад хэлний мэдлэг илүү чухал болж байна. Үүнийг дагаад маркетингийн бодлого олон нийтээс хувь хүн рүү шилжив.

Гэрэл зургийг internetworldstats.com

Бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээ, зар сурталчилгаа зөвхөн хувь хүнд хандаж байна. Тэд хэрэглэгч бүрт, хүн бүрт хүрэхийг эрмэлзэж байна. Гар утас, нөүтбүүк, чихэвч бол индивидуаль үйлдвэрлэлийн сонгодог жишээ, хамгийн “индивидуаль” техник болжээ. Энэ утгаараа хүн өөрөө улам үнэтэй болж, улам хүчирхэгжиж байна.

Нөгөө талаар эдгээр хэрэгслүүд нь аливаа мэдээллийг олны хүртээл болгох, тодруулж хэлбэл, хувь хүнийг олон нийттэй шууд холбогдоход тун хялбар болгожээ. Дэлхий ертөнц ба хувь хүн, улс орон ба хувь хүн, нийгэм ба хувь гэсэн байр суурь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд бие хүний үүрэг хариуцлага, ёс суртахуун, сонирхол нь эдгээрийг холбох гүүр болон өөрчлөгджээ.

Чихэвч, гар утас, нөүтбүүк гурав нь эрх чөлөөгөө хэний ч хяналт, нөлөө, тэр бүү хэл зааварчилгаагүй эдлэх, мэдээлэл түгээх, хүлээн авах хамгийн хүчирхэг техник бөгөөд хүнийг юунаас ч, хэнээс ч хамааралгүй болгож байна. iPad, iPhone, iPod. Энэ бол интернэтийн мөн чанар, хүн төрөлхтний хамгийн аугаа нээлт яах аргагүй мөн.

Энэ бол хүний амьдралын гайхамшигтай сонин, баялаг ертөнц. Интернэт бол сүлжээгээр холбогдсон компьютер төдий зүйл биш гэдгийг бүгд мэддэг болов. Ийм ойлголт байсан, гэхдээ одоо аль хэдийн хуучирсан.

Угаас интернэтээс хүнд, хүн төрөлхтөнд өгч буй боломжуудыг тооцоолох ямар ч аргагүй. Интернэтийг үл хайхрах, үл суралцагч, интернэтээс гадуур амьдрагч хэн бүхэн интернэтийг харж алмайрагч болж, хүний хөгжлийн сая сая боломжуудаас минут секунд бүрт улам хоцорсоор байх болов. 

Дэлхийн улс орнууд интернэтийг хөгжлийн түлхүүр гэдгийг улам бүр ойлгож ач холбогдол өгөх болов. Дэлхийн интернэтийн статистик гаргадаг байгууллагын судалгаагаар хамгийн олон интернэт хэрэглэгчтэй тив нь Монголчууд бидний амьдардаг Ази тив 1 тэрбум 600 сая хүнээр тэргүүлжээ.

Дэлхийн улс орнууд интернэтийг хөгжлийн түлхүүр гэдгийг улам бүр ойлгож ач холбогдол өгөх болов.

Интернэтийг “олон нийтийнх”, “хүн бүрийнх” болгоогүй цагт интернэтийн ашиг тусыг хүртэх боломж алслан холдсоор байх болж.

Интернэт бол гар утастай адил жирийн л хэрэглээ, харин мөн чанарыг нь л хүмүүст ойлгуулах нь тулгамдсан асуудал төдийгүй боловсролын салбарын нэгэн чухал зорилт болон тавигдаж байна.Сошиал хаягтай, вэбсайттай, блогтой байх нь нэрийн хуудсан дээр чамирхдаг гоёл төдий зүйл биш, энэ нь иргэний оролцооны хамгийн идэвхтэй хэлбэр хэдийн болжээ.

Интернет

Хүн төрөлхтний амьдралын утга учрыг, мөнгөний тухай ойлголтыг, бизнесийн чиг хандлага, өмчийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчилж байна. Интернэтэд бүх хүн ижил тэгш эрхтэй. Хэнээс ч хамааралгүй мэдээлэл авах боломж нь мэргэжлийн шаардлагуудыг өөрчилж, үүнээс болоод зарим мэргэжил үгүй болж байна. Мөн бүх төрлийн мэргэжлийн шаардлагыг улам өсгөжээ. Наад зах нь зоддог багш, аймаар багш, юу ч мэддэггүй багш гэдэг өнгөрсөн зууны ойлголтыг “будаа” болгож байна.

Хэрвээ чи мэргэжлийн ур чадвар муутай бол, хэрвээ чи багшлах чин хүсэл сэтгэлгүй бол, хэрвээ чи бие даан өөрийгөө хөгжүүлдэггүй бол, хэрвээ чи сурагчаа хүндэлж харьцдаггүй бол, хэрвээ чи ёс суртахуунгүй бол, хэрвээ чи мөнгөний төлөө л ажилладаг бол чам шиг “паразит” надад хэрэггүй, интернэт бүхнийг орлож чадна гэх хүн төрөлхтний нэгэн үе өсч байна. Боловсролын байгууллагын менежмент энэ ертөнцөд хэрхэн хөлөө олж чадахаас шууд хамаарна. Онлайн сургалт, онлайн хичээл, үнэтэй үнэгүй, урт богино гээд хэдэн саяараа байна.

Хүмүүс мэдэхийг хүссэн зүйлээ компьютерээсээ хайж олох болов. Юу ч мэдэхгүй, заах арга барил ч байхгүй “том даргын татаасаар арай гэж ажилд орсон нэг багш”-аас юм асууж нервтэж байхаар “нэт” рүү ороод “гүүглэ”-дэхэд л болоо. Хариулт нь хэдэн зуун мянгаараа байж байна. Хөгжим тоглож, хэл сурч, усанд сэлж сурахад ядах юмгүй болов. Багш нь сурагчаасаа, оюутнаасаа юугаараа илүү байх вэ гэдэг нь боловсролын шинэчлэлийн гол асуудал ч болж магадгүй юм.

Бизнесийн загвар, философийг тэр чигээр нь өөрчилж байна. Онлайн худалдаа хөгжсөнөөр cd, dvd зэрэг электрон хэрэгслүүд зах зээл дээрээс аль хэдийн шахагдав. Хүний дуулсан дууг “зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй” хулгай хийж, өөрснөө зохиочихсон юм шиг дуулаад байдаг хөг өнгөрсөн.

Оргинал нь интэрнэтэд захаас аван тавиатай бий. Ямар ч хамаагүй аргаар нэг удаа хулгай хийж болох байх, гэхдээ хулгайлсан зүйлээрээ ашиг олох боломжгүй юм байна гэдгийг одоо ойлгох цаг нь болжээ. Дэлхий даяар нээлтээ хийж, зөвхөн кино театруудад л үзүүлж байсан алдарт Аватарыг хэн нэг нь “нэт”-д тавьснаар киноны түүхэнд хамгийн их хууль бусаар татаж үзсэн киноны жагсаалтыг манлайлж байсан тохиолдол бий.

Сонин телевизийн орон зайг сошиал медиа нэгэнт эзэлжээ. Одоо дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд бүгд онлайнаар мэдээллээ цацаж байна. Тэдний хувьд интернэт бол дэлхийг хэрсэн асар том дэд бүтэц юм. Редакцид бэлтгэсэн бүтээл, контентоо олон нийтэд төдийгүй дэлхийн нийтэд, хүн төрөлхтөнд асар хурдан хугацаанд хүргэх боломжтой болжээ. Улс төргүй амьдарч болно, “нам”-гүй амьдарч болно, нэр дэвшихгүй, гишүүн болохгүй, авилга өгөхгүй амьдарч болно.

Харин интернэтгүй амьдарч хэзээ ч болохгүй, хэрвээ чи интернэтэд суралцахгүй бол интернэт чамаар оролдож эхэлнэ гэдгийг бизнесийнхэнд, хэвлэлийнхэнд хангалттай ойлгуулжээ. Хэрвээ чи толгойгоо ажиллуулах юм бол, хэрвээ чи бусдаас илүү сэтгэж чадвал интернэт мөнгийг чинь тариад өгч чадна. Төлбөр тооцоог чинь дэлхийн ямар ч том банкаар дамжуулаад хийгээд өгч болно. Бүх зүйлийг утгагүй мэт болгож, мөн чанарыг нь өөрчилж буйн нэгэн жишээ нь энэ.  

гэрэл зургийг journalistsresource.org

Энэ ертөнцөд хэн ч юуны ч эзэн байж болно. Ямар ч том баян, саятан тэрбумтан, од мичид бай интернэтийн жирийн л нэг хэрэглэгч болдог. Нөгөө айхтар лусын хаан шиг баян Билл Гейтс гэхэд л миний твиттерт байж л байна, жиргээд л. Энэ ертөнцөд одуудтай зүгээр л хамт амьдарч болдог юм. 10-хан настай охин Леди Гагагийн дууг дуулжээ. Гэрийнхэн нь сонирхогчийн камераар бичээд youtube рүү оруулаадахсан чинь хүмүүст таалагдсан гэж жигтэйхэн, Леди Гага нь ч үзэж, бас “таалжээ”.

Тэгээд өөрийн “бяцхан хувилбар”-аа Канадад болох тоглолтдоо урьснаар америкийн хамгийн том телевизийн шоунуудад оролцдог бас нэгэн бяцхан од “төрөв”. Нью Иоркын нэгэн дүүргийн бага сургуулийн тавдугаар ангийн сурагчид найрал дууны дугуйлангийн бичлэгээ youtube дээр тавьжээ.

Үр дүнд нь Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр очиж дуулав. Гартаа Оскарын баримал атгасан одууд тэдний дуунд нэг хэсэгтээ л “найгав”. Хүүхэд насны нандин дурсамжаа Оскарын шагналтнуудтай хамт бичих хувь заяаг тэдэнд интернэт л олгосон юм. Танд ч, таны хүүхдэд ч ийм боломж нээлттэй бий.

Интернэт бол жам ёсны үнэт зүйлст дуртай ертөнц, үнэт зүйлсийг дээдэлдэг ертөнц.

Интернэт бол жам ёсны үнэт зүйлст дуртай ертөнц, үнэт зүйлсийг дээдэлдэг ертөнц.

Сайны хажуугаар саар юмнууд яг адилхан бий. Интернэтэд сул дорой байж болдоггүй юм.Нэг л өдөр чамайг хэн ч биш, юу ч биш болгох ангуучид сая саяараа бий. Хакерчид гэх том аюул зөвхөн компьютер, банкны дансыг эвдэж хоослоод зогсохгүй амьдралыг чинь тэр чигээр нь сүйрүүлж чадна.

Интернэтэд холбогдсон компьютер бол тэдний гарт цөмийн пуужин л гэсэн үг, АК-47 л гэсэн үг. Тааралдсан бүхнээ сүйрүүлж устгаж чадна. Гэхдээ үүний хажуугаар тэднийг зогсоож чадах аврагч хамгаалагч нар ёстой л нөгөө “энхийн манаанд гэдэг шиг” цаг наргүй жижүүрлэж байдаг юм. Иймээс чи аль болох интернэтийг хэрхэн ашиглах мэдлэгээ дээшлүүлж, үргэлж шинэчлэгдэж байх ёстой.

Интернэт улс төрд мөн хүчтэй нөлөөлж байна. Эрх чөлөө нь хүрээлэн буй орчин, хүсэл мөрөөдөл, техникийн боломжоор хангагдсан цагт хүн төрөлхтөн нэг л саналын эрхтэй, нэг л үүрэг хариуцлагатай, нэг л дайсантай, амьдралын нэг л хэв маягтай болж байна. Интернэтэд ямар ч хил хязгаар, ямар ч виза хар тамга, ямар ч Засгийн газар хүнд суртал байхгүй. Интернэт дэх хэрэглээ хувь хүний эрх чөлөөнд суурилжээ. Үүнийг дагаад хувь хүний үнэлэмж, хариуцлага асар их нэмэгдэж байна. Нэгэнт “хавтгай болсон” дэлхийг дээрээс нь харах боломжийг бий болгож байна. Чи ба бусад, чи ба дэлхий ертөнц, чи ба улс орон, чи ба нийгэм. 

Хяналттай, хамгийн сайн хяналттай ертөнц бол интернэт. Өөрийн хуультай, өөрийн засаглалтай ертөнц. Гурилын хулгайч гуяндаа цагаан гэдэг шиг интернэт бол хамгийн сайн, хамгийн тодорхой ул мөр үлддэг ертөнц. Интернэтэд холбогдсон хэний ч тухай, ямар ч статистикийн ядах юмгүй гаргаад ирж болно. Ямар дугаартай, ямар компьютерээс, хэзээ хэдэн цаг орж, ямар мэдээ уншиж, ямар сэтгэгдэл үлдээснийг тоо баримттай, бултах, зугтах ямар ч боломжгүйгээр харуулж болно.

Оюун санааны хувьсгал интэрнэтэд амжилт олж чадвал хүний ертөнцөд гарч ирж ялалт байгуулж чаддагийг Арабын хувьсгалаас эхлээд Хонг Конгийн жагсагчид хүртэлх үй түмэн үйл явдал харуулж байна. Энд ямар ч жагсаал цуглаан, цус урсдаггүй, зөвхөн үг хэлээрээ л учраа ололцоно. Гэхдээ кибер дайн бол үргэлж гарна. Хамгийн сонирхолтой нь энэ дайнд ялагч гэж байхгүй, уствал бүгд устана, амьд үлдвэл бүгд амьд үлдэнэ. Энэ бол интернэт. Гагцхүү суралцах л хэрэгтэй. 

Интернэтэд зөвхөн холбогдох, интернэтийг зөвхөн хэрэглэх нь өнөөгийн цаг үед ерөөсөө хангалтгүй. Интернэтийг эзэмших, интернэтийг ашиглах, интернэтийг “захиран зарцуулах” хэрэгтэй. Ингэж байж та Монгол дахь дэлхийн иргэн болж хувирна. Монголчууд бид үндэстнээрээ урагш нэг биш, хоёр биш, бүр үсрэнгүй алхах учиртай ...

Imagine there’s no countries
It isn’t hard to do
Nothing to hesitate or wait for
No corruption and election too,
Imagine all the people sharing all the world  
I hope someday you will join us  
And TIME isn’t gonna wait for you…

Өгүүллийг Н.Батжаргал

TW: @batjargaln