Уншиж байна ...

Франц, Герман улсууд хиймэл оюунаар тоноглосон “ирээдүйн танк” хамтран бүтээх гэрээ байгууллаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Франц, Герман улсууд хиймэл оюун, лазерын технологиор тоноглогдсон шинэ үеийн танк хамтран бүтээх гэрээг Баасан гарагт байгуулжээ.

Парис хотод болсон ёслолын үеэр Францын батлан хамгаалахын сайд Себастен Лекорню, Германы батлан хамгаалахын сайд Борист Писториус нар MGCS (Main Ground Combat System) гэж нэрлэсэн шинэ танкийг 50:50 хувийн оролцоотой зохион бүтээх талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

зураг
 

2017 онд хоёр улс Францын Leclerc, Германы Leopard танкуудыг залгамжлах шинэ үеийн танкийг 2040 оноос эхлэн хамтран бүтээхээр тохиролцож байжээ.

Гэвч хоёр улсын зэвсэг үйлдвэрлэгч компаниудын өрсөлдөөн, эрх баригчдын өөр өөр ашиг сонирхлын улмаас уг төлөвлөгөө хэрэгжиж чадаагүй юм.

Энэ оны гуравдугаар сард хоёр улсын батлан хамгаалахын сайд нар төслийг гацаанаас гаргаж, үргэлжлүүлэхээр болсноо Берлин хотод зарлаж байжээ.

Шинэ танк нь хуурай замын байлдааны ажиллагаанд шинэ эринийг эхлүүлэх хамгийн орчин үеийн технологиор бүрэн тоноглогдсон байх гэнэ.

Тухайлбал MGCS нь жолоочтой ба жолоочгүй горимд ажилладаг, өөрийгөө хамгаалах дроны системтэй байх ажээ.

Төслийг талууд ижил хувь хэмжээтэй санхүүжүүлж, Германы тал удирдах юм байна.

 

Эх сурвалж: AFP