Уншиж байна ...

Г.Дамдинням: Багш нарын цалин өсөж, нийгмийн баталгаа нь хангагдаж байна

ikon.mn
2024 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүд орон нутгаар явж бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын шинэчлэлийг иргэдийн дунд хэлэлцүүлэх, хууль сурталчлах ажлаа үргэлжлүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ сарын 1-нд Төв аймгийн Угтаалцайдам, Заамар, Цээл сумын иргэдтэй уулзах үеэр багш нар олноор оролцож Боловсролын багц хуулийн үйлчлэлийн хүрээг тодрууллаа.

“Багш нар орон нутгийн нэмэгдлээ аваад эхэлсэн нь том урам болжээ. Багшийн үндсэн цалин 1.4 сая төгрөг. Үүн дээр суманд ажиллах 40 хувийн нэмэгдэл, мөн зэргийн нэмэгдлүүд орж ирснээр багадаа хоёр сая гаруй төгрөгийг гар дээрээ авч байна” гэв. 

Энэ талаар Угтаалцайдам сумын бага ангийн багш Д.Ариунжаргал “Сумын багшийн цалин орлого маш муу байсан. Бид хотын багш нар шиг давтлага өгөх, сургалт хичээллүүлэх зэргээр нэмэлт орлого олж чаддаггүй. Зээл авч амьдралаа болгодог. Харин цалин нэмэгдсэнээр нуруун дээрх ачаа хөнгөрч байна. Одоо багш нар төрөөс орон сууцаар хангахад хэрхэн дэмжих асуудлыг их сонирхож хүлээлттэй байна. Мөн гурван жил ажиллаад нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал өгөхөөр болсон. Одоо энэ журмаар урамшуулал авбал бараг 10 сая төгрөг рүү дөхөхөөр байна.” гэсэн юм.

зураг
 

“Багш нарын 3 жил тутмын урамшуулал 10 хүртэлх сая төгрөгт хүрнэ”

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Боловсролын багц хуулийг дагалдсан журмууд батлагдсанаар хууль бүрэн дүүрэн хэрэгжээд эхэлнэ. Одоо 30 орчим журам дутуу байна. Би Засгийн газарт журмаа яаралтай батлахыг байнга сануулж, шахаж шаардаж байгаа.

Орон сууцан дээр журам хүлээгдэж байна. Удахгүй батлагдана. Ер нь жил бүр нийт багшийн 5 хувийг орон сууцанд хамруулах урьдчилгаа төлбөрийг шийдээд явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тодорхой шатлалтай явахгүй бол нэг жилийн дотор бүх багшаа орон сууцжуулах боломж байхгүй. Үүнийг ойлгож хүлээн аваарай гэж хүсье” гэв.

Үүнээс гадна Боловсролын багц хуулийг хөрсөнд шингээж бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд багш нарын санал бодол чухал. Тиймээс багш нарыг хуультайгаа сайн танилцаж, хамтран ажиллахыг хүслээ.