Уншиж байна ...

Ц.Даваасүрэн: Цаашдаа орлого багатай иргэдийг ипотекийн зээлд хамруулахыг зорьж байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцууллаа. 

Тэрбээр хэлэхдээ "Засгийн газрын хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Улмаар ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн ипотекийн зээлээр орон сууцны санхүүжилтийг хэрэгжүүлж ирсэн.

Энэ удаад Төрийн орон сууцны корпорацын захиалгаар орон сууц барьж, тухайн байрыг зээлэх хэлбэрээр шинэ орон сууцжуулалтын боломжийг оруулж ирж буй.  Өмнө нь ихэвчлэн орлогын боломжтой иргэд ипотекийн зээл авч байсан.

Судалгаанаас харахад өрхийн сарын орлого нь 2.1 сая ба түүнээс дээш орлоготой айлууд ипотекийн зээлд хамрагджээ. Харин үүнээс доош орлоготой айл өрхүүд хамрагдаагүй. 

2013-2024 онд нийт 7.6 их наяд төгрөгийн орон сууцны зээлийг 104,000 айлд олгосон байгаа юм. Тэдний сарын орлого нь хоёр саяас дээш байсан гэсэн үг.

Хоёр саяас доош орлоготой өрхүүд орон сууцны зээлд хамрагддаггүй гэсэн үг. Тиймээс үндэсний орон сууцны тухай бодлогын хүрээнд

  • Ахмад настнууд
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • Залуу гэр бүлүүдийг хамруулахыг зорьж байна. 

Тухайлбал залуу гэр бүл эхлээд метр квадрат багатай, жижиг орон сууцанд амьдарч байгаад яваандаа орон сууцаа сайжруулж болно. Тиймээс дээр дурдсан бүлгийн иргэдэд зориулсан орон сууцны хангамжийн асуудлыг хуулиар шийдэхээр болж байгаа. 

Төрийн орон сууцны корпорац, Үндэсний орон сууцны корпорацаас метр квадратыг нь хямд үнэлгээтэй орон сууцнуудыг захиалгаар бариулж, орлого багатай иргэдэд нийлүүлнэ гэсэн үг.

Магадгүй 20-оос дээш жилээр тухайн орон сууцыг зээлнэ. Мөн зарим иргэнд түрээслүүлж болно.

Метр квадрат багатай орон сууцыг түрээсэлж байгаад амьдрал нь дээшилж, орлого нь нэмэгдээд ирэхээр байрныхаа нөхцөлийг сайжруулж болно.

Орлогын хувьд боломжгүй байгаа иргэдийг хамруулсан орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлнэ" хэмээлээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн дараах тоон мэдээллийг танилцуулсан юм. 

  • 2022 оны мэдээллийг харахад манай улсын 941,000 өрхийн 32 хувь буюу 302,000 өрх инженерийн дэд бүтэц хангагдсан орон сууцанд 
  • 29.7 хувь буюу 279,639 өрх нь гэр хороололд
  • 38.2 хувь буюу 359,671 иргэн гэрт амьдарч байгаа юм.

Нийслэлд 50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна. Ялангуяа гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдийн дунд орлогын боломжгүй, ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа тохиолдол нэлээд бий. Цаашдаа орон сууцны санхүүжилтийн зээлд эдгээр иргэн хамрагддаг болно гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нэмж ярилаа. 

Мөн тэрбээр орон сууцны үнэ ханшийн талаарх сэтгүүлчийн асуултад хариулт өгөв. 

Сэтгүүлч: Хамгийн бага үнэ гэвэл нэг метр квадрат нь хэдэн төгрөг байх вэ?

Ц.Даваасүрэн: Бидний тооцож буйгаар одоогийн үнэ ханшаас даруй нэг саяар эрс буурах бүрэн боломжтой.

Одоо метр квадратын үнэ хоёр сая гаруй байгаа. Газар, инженерийн байгууламж нь түрээсийнх учраас тухайн байр хямдрах боломжтой. Метр квадрат нь хямдхан, талбай нь жижигхэн байна.

Иргэдэд метр квадрат багатай орон сууцнуудыг нийлүүлнэ гэсэн үг.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/826845005857384