Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эмээ, өвөө хийгээд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа

Н.Батжаргал
2016 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг cnbc.com

Аль ч нийгэмд болж буй сонгууль ер нь түүхэн үйл явдал байдаг. Ялангуяа дэлхийн улс төрд үлэмж нөлөө үзүүлдэг Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль бол түүхэн ч үйл явдал, сонирхолтой ч үйл явдал. Ямарваа нэг шалгаруулалтад тавьж болох бүх үзүүлэлтийг гаргаж ирдэг Америкийн Ерөнхийлөгчийн энэ удаагийн ээлжит сонгуулийн сунгаа мөн л сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. 

Хоёр голлох нам болох Ардчилсан нам болон Бүгд найрамдах намаас нийтдээ 23 улс төрч Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдсөн бөгөөд стаститикаар нь авч үзвэл, эмэгтэй хоёр, африкан-американ нэр дэвшигч нэг, дундаж нас 59 байна. 

Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн сунгаанд Ардчилсан намын нэр дэвшигчдээс Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, сенатор Берни Сандерс нар, Бүгд найрамдах намын нэр дэвшигчдээс сенатор Тэд Круз, үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп, Охайяо мужийн захирагч Жон Касич тунаж үлдээд байна.

Гэвч саяхан танилцуулагдсан CNN телевизийн нэгэн судалгаагаар Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, тэрбумтан Доналд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа аж.

Нэгдсэн улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх босго нас 35 байдаг бол манайд 45 байдаг, гэвч хамгийн залуудаа сонгогдсон Ерөнхийлөгч нь 43-тай Жон Кеннеди байлаа.

Америкийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Нэгдсэн улсад сүүлийн 14 жил тасралтгүй амьдарсан байх шаардлагатай бол манайд 5 жил байдаг. 

Харин энэ удаагийн сунгаанд өрсөлдөгчдийн хамгийн өндөр настай нь сенатор Берни Сандерс бөгөөд түүний дэвшүүлж буй үзэл баримтлал нь 200 жилийн түүхтэй Америкийн ардчиллыг философийн хувьд үндэс сууриар нь өөрчлөх, үнэ төлбөргүй сургууль эмнэлэг бүхий Швед Норвеги маягийн нийгэм байгуулахыг зорьж буй бөгөөд медиа болон олон нийтийн зүгээс “социалист өвгөн” хоч зүүгээд байгаа.

Америкийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Нэгдсэн улсад сүүлийн 14 жил тасралтгүй амьдарсан байх шаардлагатай бол манайд 5 жил байдаг.

Энэ мэт сонирхолтой баримтуудаар дүүрэн Америкийн Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн сунгааны эргэн тойрон дахь онцгой сонирхолтой хэд хэдэн баримт анхаарал татаж байгааг сонирхуулъя.


Гэрэл зургийг lawstreetmedia.com

-Капитол Хиллд байрлах Конгрессийн ордны өмнө эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн тангараг өргөх магадлал өндөр байна. 

Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт, Кондолиза Райс зэрэг хүчирхэг эмэгтэйчүүд Америкийн улс төрд олон бий.

Гэвч тэдгээр эмэгтэйчүүдээс Тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга, Сенатын гишүүн зэрэг нэг хүнд зэрэг зэрэг байж боломгүй өвөрмөц түүхийг бүтээж яваа цорын ганц эмэгтэй нь өдгөөгийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Родхэм Клинтон билээ.

Өдгөөгийн нэр дэвшигчдээс улс төрийн туршлага, нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа хамгийн их жин дарах улс төрч болох Хиллариг Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Америкууд түүний нөхөр, Нэгдсэн улсын Ерөнхийлөгч асан Билл Клинтоныг хэрхэн “авгайлах”-аа бодож олох хэрэгтэй гэж хошигноцгоож байна.

Хатагтай Ерөнхийлөгчийн нөхөр Ноён Ерөнхийлөгч гэх үү, эсвэл Хатагтай Ерөнхийлөгчийн нөхөр экс Ерөнхийлөгч гэх үү. Эсвэл экс Ерөнхийлөгчийн эхнэр Хатагтай Ерөнхийлөгч ч байж болох аж.

Ямартай ч тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол Нэгдсэн улсын түүхэн дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон хамгийн анхны Тэргүүн хатагтай болох юм.

Гэрэл зургийг politico.com

- Өндөр Ерөнхийлөгч үү, эсвэл ...

Нийтлэлч Энн Колтер Фокс телевизэд өгсөн ярилцлагадаа “Рубио, Пол хоёр бол миний айпод шиг л өндөртэй хүмүүс” гэж хошигносон нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн нурууны өндрийг харьцуулж үздэг сонирхолтой статистикийг эргэж харахад хүргэж байна.

1900 оноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, өрсөлдөгчдийн хамгийн өндөр нуруутай нь голдуу ялалт байгуулж ирсэн сонирхолтой баримтыг иш болговол Хилларид “шанс байхгүй.”

Тэрбээр өдгөөгийн нэр дэвшигчдийн дотроос хамгийн намхан нь буюу 169 см өндөр. Дундаж Монгол эмэгтэйтэй харьцуулахад өндөр үзүүлэлт боловч Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувьд “тааруухан” үзүүлэлт юм. Учир нь 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд 185 см өндөртэй, одоогийн Ерөнхийлөгч Обамад ялагдсан түүх түүнд бий.

Гэвч бусад өрсөлдөгчид болох Берни Сандерс, Доналд Трамп, Марко Рубио, Тед Круз нарт түүнийх шиг арвин улс төрийн туршлага, түүнийх шиг хүчирхэг сэтгэлийн хат, түүнийх шиг үзэсгэлэнтэй инээмсэглэл байхгүй билээ.

Америкийн Ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн нурууны өндрийг судалсан тухай баримт нь судлаачдын ажиглалт дүгнэлт болохоос нэр дэвшигчдэд албан ёсоор тавигддаг хууль ёсны шаардлага биш билээ. 

Гэрэл зургийг jns.org

- Тэрбумтан ба Тэтгэврийнхэн

Дөч гарсан эр, дөрвөө дарсан ат гэдэг Монголчуудын уламжлалт ойлголтоос их хол хөндий зүйл Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд их тохиолдоно.

Монголчуудыг Үндсэн хуулийн Цэцийн дарга, 65-хан настай залуухан Амарсанааг хөгшин хөвөөгөөр нь дуудан “үлдэн” хөөж байх зуур Америкийн Ерөнхийлөгчийн сунгаанд Ардчилсан намын 75-тай өвгөн Берни Сандерс, 69-тэй эмгэн Хиллари Клинтон, Бүгд найрамдах намын 70-тай тэрбумтан өвгөн Доналд Трамп нар өнгөлөг нь аргагүй үзэж тарж явна.

Нас бол тоо хэмээн “маазрах” нэгэн байхад нас бол амьдралын туршлага, чухал үзүүлэлт гэх “чухал царайтнууд” бас цөөнгүй. Насны талаар Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн олон санал авч байсан Ерөнхийлөгч Роналд Рейганы хэлсэн үг олон нийтийн сонирхолд ихэд нийцсэн гэдэг.

Тэрбээр 1984 онд сенатор Волтер Мондалтай мэтгэлцэх үеэрээ “Би насыг энэ сонгуулийн кампанит ажлын гол асуудал/үзүүлэлт болгохгүй, би өрсөлдөгчийнхөө туршлагагүй байдал, залуу насыг улс төрийн зорилгоор авч үзэхгүй” хэмээн өгүүлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд насыг хэрхэн авч үзэх ёстойг бараг тунхаглачихсан гэж үздэг.

Тиймээс ч тэтгэвэрт гарсан ахмадуудаа бараг хүний тооноос “хасах”-аа шахдаг манай нийгмийн нүдээр Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд дандаа л тэтгэврийнхэн өрсөлдөж, бас өнгөлж байна.

Наснаас гадна ажил хэргийн чадвар, асуудал шийдэх чадвар, манлайлах гээд нэр дэвшигчдэд тавих ёстой өдий төдий чухал үзүүлэлтүүд бий.

Өндөр настай байх нь буурь суурьтай, тохьтой томоотой байдаг нь худлаа гэдгийг ч зарим нэр дэвшигчид, тухайлбал үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трампын овилгогүй, хурц мэдэгдлүүдээс харж болно.

Сонгуульд мөнгөний ач холбогдол, үүрэг роль төдийлөн хүчтэй байж чадахгүй байна. 

Мөн одоогийн Дэд Ерөнхийлөгч Жой Байден 74-тэй өвгөн бөгөөд энэ жил 53 хүрч байгаа нөхөр Обаматай сүрхий нь аргагүй гар нийлэн ажилладаг бөгөөд хэвлэлийнхний нүдэн дээр гүйх, дасгал хөдөлгөөн хийх зэрэг олон сорилтыг ажрахгүй давдаг эр аж.

Ямартай ч, сунгааны дүнд онц гэнэтийн өөрчлөлт гарахгүй бол Нэгдсэн улсын дараагийн Ерөнхийлөгчөөр “тэтгэврийн насны этгээд” сонгогдох магадлал байна.

-Мөнгө үү, үнэт зүйл үү?

Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн 2008, 2012 оны сонгуулийг өнгөц харвал хамгийн их хандив цуглуулж чадсан нэр дэвшигч ялсан гэж болохоор.

Гэвч энэ удаагийн сонгуульд мөнгөний ач холбогдол, үүрэг роль төдийлөн хүчтэй байж чадахгүй байна. 200 гаруй жилийн хугацаанд туршигдаж, соригдож боловсронгуй болсоор ирсэн Америкийн ардчилал нь нэр дэвшигчдийг баян ядуу ялгалгүй сонгогдох боломжоор нь хангаж өгдөг.

Гэрэл зургийг kiwibomb.com

Зарим нь тэрбумаар тоологдох хөрөнгөтэй, сонгуулийн кампанит ажлын зардлаа хувиасаа санхүүжүүлэх нэгэн байхад, зарим нь бүр өртэй ч хүн өрсөлдөж байна. Гэвч сонгогч олон нийт тэдний хөрөнгийг биш, улс төрийн байр суурь, итгэл үнэмшлийг илүү сонирхдог.

Эдгээр нэр дэвшигчдээс сонгуулийн кампанит ажлын зардлаа хувиасаа санхүүжүүлж байгаагаа давуу тал болгон харагдуулж чадаж буй цорын ганц өрсөлдөгч бол тэрбумтан Доналд Трамп бөгөөд “миний ард том корпорациуд байхгүй, би сонгогчдоос өөр хэнээс ч хараат бус” гэсэн мэдэгдэл нь олон нийтийн сэтгэлд ихэд нийцэж байгаа юм.

Гэвч түүний хувийн зан чанар, олон нийтийн өмнө өрсөлдөгчдөө болон мэтгэлцээнийг хөтлөгч телевизийн ажилтан эмэгтэйг тохуурхан доромжилсон харьцаа, гадаад бодлого болон цэрэг армийн талаарх бодлого нь хиймэл ч юм шиг харагдах толгойтой үснээс нь илүү олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа нь бас илт байна.  

Өгүүллийг Н.Батжаргал

TW: @batjargaln