Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг, хоёрдугаар хүний эсрэгцэл ба эдийн засаг дахь улстөржилт

Д.Оюун-Эрдэнэ
2016 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2009 оноос хойш долоо дахь жилдээ болсон Эдийн засгийн форум  эрх баригчдын дүгнэснээр бол амжилттай өндөрлөлөө. Өмнөх хурлуудаа бодвол гадна, дотны оролцогчид илт цөөрсөн нь Эдийн засгийн энэхүү форумд хэн хэн нь төдийлөн ач холбогдол өгөхөө больсныг харуулав.

Жил бүрийн хавар эдийн засаг, бизнесийн сайн гарц, шийдлийг эрж хайх, боломж бололцоог эрэлхийлэх төр, бизнесийнхний ойлголцлын төв цэг нь энэхүү форум болдог байлаа. Бизнесийнхэн энэхүү арга хэмжээнээс тодорхой үр дүн, шийдэл хүлээдэггүй. Харин ирэх сар, жилүүд дэх бизнес эдийн засгийн орчин дахь төрийн бодлого, төлөв, хандлагыг зөв тодорхойлоход өөрсдийн дуу хоолойг хүргэх, харилцан ойлголцоход өндөр ач холбогдол өгсөөр ирсэн.

Харин энэ удаагийнхаас тэд эрх баригчдын улстөржилт, уур бухимдлаас өөр юу ч олж авч чадсангүй. Сонгуулийн жил болж буйгаар нь онцолж ойлгож болох ч улс орны эдийн засаг хүндэрсэн үед УИХ-ын даргаасаа эхлээд Ерөнхий сайд нь хүртэл хямралд өртсөн эдийн засаг, бизнесээ хэрхэн яаж аврах талаар биш харин үүний бурууг хэн нэг хувь хүн, сөрөг хүчин, хэсэг бүлэг фракц бүлэглэлийнхэн рүү тохож, шүүмжилж, гоочилсон нь Монголын эдийн засаг дахь улстөржилт хэрээс хэтэрснийг батлан харууллаа. 

Бизнесийнхэн энэхүү арга хэмжээнээс тодорхой үр дүн, шийдэл хүлээдэггүй. 

Нэг улсын төрийн өндөрлөгүүд нэг арга хэмжээн дээр  өөр хоорондоо өөхөнд боосон чулуу шидэлцэж,  ил далдуур бие биенээ хэмлэж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй.

Тэр тусмаа эх орондоо зохион байгуулж буй олон улсын арга хэмжээний үеэр  төрийн гурван өндөрлөг өнөөдрийнх шиг гурван өөр байр суурь, гурван өөр үзэл  бодол илэрхийлж, улс төрийн тогоон доторх талцлаа ил зарлаж байсангүй. Өнгөрсөн 20 жилийн парламентын түүхэнд нэг намын төлөөлөл төрийн гурван өндөр албан тушаалыг хамтдаа хашсан тохиолдлын гурав дахь нь энэ болж буй.

Өмнө нь одоогийн МАН буюу хуучин МАХН-ынхан хоёр сонгуулийн циклээр дангаараа бүх эрхийг барьсан байдаг. Тэд дотроо байр суурь үзэл бодол зөрүүтэй байсан ч өнөөдрийнх шиг илээр үүнийгээ илэрхийлж нийгмийг талцуулж байгаагүй.

“Ходоод хагаравч тогоон дотроо” гэдэгчлэн,Монгол улсынхаа нэр хүндийг хамгаалж ойлголцож чаддаг байсан. Харин өнөөдөр Монголын ардчиллыг дэлхийд төлөөлж буй АН-ын цаг үед нэг улсын төрийн гурван өндөрлөг үг, үйлдлээ ойлголцож биеэ цэгнэх бяд дутсан нь Монголыг олон улсын тавцанд ичгүүртэй байдалд оруулаад байна.

Ялангуяа Ерөнхийлөгчийн үгийг, УИХ-ын дарга тэчьяадан сөрсөн нь Монголын улс төрд эх зах, зэрэг зиндаа, хүндэтгэл гэж байхгүй болсныг тод томруун харууллаа.

Ерөнхийлөгч бол улсын нэгдүгээр хүн яах аргагүй мөн. Тийм ч учраасэнэ өндөр албыг хашиж буй хүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр ард түмний эрх ашгийг илэрхийлж, тэднийг төлөөлдөг. Харин УИХ-ын дарга бол эрх баригч намын дарга байгаад ч 76 гишүүний хурлын дарга тул  хүссэн ч, үл хүссэн ч хоёрдугаарт л эрэмбэлэгддэг. Энэ хүнд эрх баригч намын даргын илүү эрх мэдлийг хэн ч өгөөгүй.

Төрт ёсны хоёр мянганы түүхтэй Монгол Улсын ардчиллын үеийн үе үеийн УИХ-ын дарга нар  төр, улс орны эрх ашгаас илүү улс төрийн нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж байх ёсгүйг үлгэрлэж ирсэн билээ. Төрийн алба тэр тусмаа төрийн өндөр албыг хашихад хамгийн түрүүнд төрийн зангаргатай хар хүн болох ёстой. Эс бөгөөс улстөржилтөд хэрхэн автаж, хэсэг бүлгийнхний  “алх” болж улс орноо хямралаас гарах гарцыг гацааж, тэр нь ард түмний нуруунд хүндээр тусч болдгийг УИХ-ын дарга З.Энхболдоос харж болохоор байна. 

УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, зөвлөмжийг хүлээн авч, хүндэтгэлтэй хандах ёстой билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их тэнгэрт цахим ертөнцийн төлөөлөл, залуучуудыг хүлээн авч уулзахдаа ч, Эдийн засгийн форумын үеэр ч төрийн тэргүүний үүднээс өнөөгийн улс төр, нийгмийн байдлын талаар байр сууриа шударга илэрхийлсэн.

Гэтэл эрх баригчдад үнэнийг хүлээж авах чадвар дутаж өөрсдийн улаан нүүрийг сонгуулийн өмнө аварч, хамгаалах амьтны инстинкт үйлчлэв. 

"Хууль зөрчдөг хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг гэж би боддог", "Хараад байхад хуулиас зугтдаг, даварсан хоёр л этгээд Монголд байна. Улс төрийн хүрээнд шүү" "Би Таван Толгойг авъя гэж надад Баттулга хэлж байсан. Гадны хөрөнгө оруулагчид чамайг итгэлтэй найдвартай түнш гээд сонгоод явбал чи ав л гэсэн" хэмээн Ерөнхийлөгч цахим ертөнцийн төлөөлөлтэй уулзахдаа хэлсэн.

Энэ бол хууль ёс иргэн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой гэдгийг, түүнийг хэнбугай ч сахин биелүүлэх үүрэгтэй гэдгийг зүй ёсоор шаардсан хатуу боловч шударга үг байлаа. Гэтэл УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллаж байхдаа хуулийн дагуу шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүсийг хамгаалж хаацайлахын тулд гоомой мэдээлэл хийсэн нь УИХ-ын даргын хувьд байж боломгүй жудаггүй үйл явдал юм. 

УИХ-ын даргын эсрэгцсэн үг, үйлдэл үүгээр дуусаагүй. Эдийн засгийн форумын үеэр ч мөн давтагдлаа. Ерөнхийлөгч Эдийн засгийн форумд оролцож,  өнөөдрийн бий болсон нийгэм, эдийн засгийн байдалд  бодитой үнэлэлт дүгнэлт өгсөн. “Монголын зовлон гаднаас биш, дотроосоо байна. Эдийн засгийн хүндрэл Монголын эдийн засгаас болоогүй.

Харин улстөрөөс л болж байгаа. .... Монголын улс төр хариуцлагатай болохгүй бол, сонгосон, томилсон хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадахгүй бол бид энэ байдлаас гарахгүй. Хэрэв төр нь хариуцлагагүй болох юм бол ардчилсан нэр ч утгагүй болно. Үүнийг л шаардаж байгаа.” хэмээсэн нь эрх баригч намын даргад таалагдсангүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдийн засгийн хямралын гол буруутнууд бизнес эрхлэгчид биш, улстөрчид гэдгийг  шууд зарласан билээ.

Үнэхээр өнөөдөр Засгийн газар нь гүлдийгээд байлгүй гүйцэтгэх засаглал шиг зоримог шийдэмгий ажиллаж, улстөрчид нь тулхтай улстөрчид шиг бодлогоо хэтийн зорилготой тодорхойлж, бизнес эрхлэгчид нь ирээдүйдээ итгэлтэй мөрөөрөө аж ахуйгаа эрхэлж чадахгүй болсон. Том жижиг, их бага гэлгүй  мөнгө бүхэнд УИХ хошуу ам нэмэрлэж, хуруу гараа дүрж, хааж гацааж байхад хэн эрсдэл үүрэн хөрөнгө босгож, улмаар улс орны эдийн засаг яаж сэргэх юм бэ?

Байдал ийм байхад УИХ-ын дарга Эдийн засгийн форумын индэр дээрээс  “Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд Монгол Улс буруугүй. Харин нийт эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болгож орхисон нь Монголын төрийн, үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газруудын алдаа юм.

Бид өнөөдөр энэ алдааныхаа төлбөрийг төлж байгаа” хэмээн ярьж буй нь бодитой дүгнэлт мөн үү? УИХ, эрх баригч намын даргын хувьд энэ алдааг мэдсээр байсан юм бол засаж, залруулахын төлөө юу хийсэн юм бэ? Уул уурхайдаа түшиглэн их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, томоохон хуримтлал үүсгэж бусад салбараа дэмжихгүйгээр хөгжих боломж хомс байна.

Харин ч өмнөх, үе үеийн Парламент, Засгийн газрын үед хэлэлцэж яригдаж, үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж ирсэн мега төслүүдийг тэр өөрөө үлгэрлэн гацааж царцааснаараа өнөөдөр уул уурхайн салбараа, нүүрсний салбараа бүрэн элгээр нь хэвтүүлчихлээ. Энэ нь тэгээд УИХ-ыг сонгосон ард түмний алдааны төлбөр юм уу?

“Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Тавантолгой төслийг УИХ зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна. Дэлхийн эдийн засаг удааширч байгаа цаг үед энэ төслийг, нэр бүхий компаниудад өгөх нь Монголд ашиггүй гэсэн дүгнэлтийг УИХ-ын Ажлын хэсэг гаргасан. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох 2 сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр уг ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй” гэж УИХ-ын дарга хэлсэн. Буруугаа бусдаас биш өөрсдөөсөө хай гэж түүнд хэлье.

БНХАУ-ын даргын айлчлалын үеэр төрийн тэргүүн нарын түвшинд нүүрс экспортлох ямар таатай нөхцөл бүрэлдсэн билээ. Түүнийг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажилласан уу, үгүй. Олон жил залхтал яригдсан нүүрсний төмөр зам баригдсан уу, үгүй. Нүүрсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий нүүрсний экспортыг хязгаарлах, зогсоох төрийн бодлого шийдвэрийг үл тоогчид, үл хэрэгжүүлэгчид нь төрийн өмчит компаниуд өөрсдөө болоод байхад монгол нүүрсний өрсөлдөх чадварыг унагасан энэ явцгүй үйлдлийг дэмжигчид нь түүнийг тойрон хүрээлэгчид байлаа.

Тухайн үед Тавантолгойн тендерт ялсан консерциумын гэрээг засч сайжруулаад явуулах боломж байсан уу, байсан. Гэтэл УИХ-аар хэлэлцүүлэлгүй шууд Ажлын хэсэг байгуулж хэдхэн хүний ашиг сонирхлоор гацааснаар Тавантолгойн нүүрсний экспорт улам хүндэрсэн.

Төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компанийн хүндрэлийг нууж, үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байгаа мэтээр харуулснаар 1,072 хувьцааны хувь заяа төдийгүй компанийн ирээдүй бүрхэг боллоо. 

Уул уурхай ч гэлтгүй, газар тариалангийн салбар ч хэцүүхэн байна. 

УИХ Тавантолгойн төслийг зогсоосноос улс орны эдийн засаг хүндрээгүй юм бол Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд яагаад гадаад орноос зээл, тусламж гуйгаад яваад байгаа юм бэ?  

Уул уурхайн бус өөр салбаруудаасаа улс орныхоо эдийн засгийг сэргээх боломж байсан юм бол эдийн засаг яагаад ингэтлээ хямарч ард түмний амьдрал доройтовоо. 

Уул уурхай ч гэлтгүй, газар тариалангийн салбар ч хэцүүхэн байна. Онцлоод байгаа хөдөө аж ахуйн салбарт нь малын халдварт өвчнүүд байнга гарч,  эм тариа вакцины нөөц дутмагаас аймаг, сумаараа аргаа барж байна. Гэтэл УИХ-ын дарга  нь улс төрийн ашиг хонжоотой асуудлуудаараа яаран сандран ээлжит бус чуулган зарлаж өөрсдөдөө, намдаа хэрэгтэй асуудлуудаа эргэлзээтэй аргаар шийдэж байна.

Амьдрал мэдэхгүй дарга, албан тасалгааныхаа цонхоор ард түмнээ тольдож буй хэсэг бүлэг улстөрчдийн гайгаар өнөөдөр монголчуудын бухимдал дээд цэгтээ хүрээд байгаа нь үнэн. Ямар сайндаа л З.Энхболд даргын амьдралаас тасарсан, хар амиа хаацайлсан худал хуурмаг илтгэлийг  сонсч үл тэссэн хүн оймс хүртэл шидэж байх вэ дээ? 

Улсын нэг, хоёрдугаар хүний энэ бүх  эсрэгцлийг хувь хүнийх нь үүднээс харвал Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид яг одоо ард түмний эрх ашгаас өөр улстөрийн амбиц байхгүй. Тэр хоёр дахиа Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн. Харин З.Энхболдын хувьд энэ жилийн сонгуулийн үр дүнгээс улстөрийн илүү том карьер нь жинхэнээрээ эхэлнэ. АН-ын даргын хувьд намаа сонгуульд ялуулж чадах эсэхээс  Ерөнхийлөгчийн карьер нь эхэлнэ.

Тийм л учраас тэр өнөөдөр эдийн засгийг сөхрүүлсэн, улс орноо ард түмнээ туйлдуулсан гэх хариуцлагыг үүрэхгүйн тулд УИХ-ыг даргалсан өнгөрсөн дөрвөн жилийнхээ алдаа бүрийг хаацайлж хамгаалж,  буруу бүхнийг  бусдаас хайж  буй. Төрийн гурван өндөрлөг амь нэг, санаа нэг байж, нэгдсэн бодлого дор улс орон хөгжин цэцэглэж, иргэд нь амгалан тайван амьдрах учиртай.

Гэвч УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийнхөө үгийг ч үл ойшоож, Засгийн газрын тэргүүнийхээ эрх мэдэл рүү хутгалдаж байна. Орохгүй юм ч гэж алга. Эдийн засагт  улстөржилт байхгүй болсон цагт л эх орон минь өндийж сэргэж, эрчтэй, хүчтэй хөгжинө. Харин энэ цаг хэзээ вэ?