Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Таван Толгойг авъя гэж Баттулга надад хэлж байсан...

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр жиргээчидтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийлээ. Энэ үеэр түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 


Монгол Улс, хөгжлийн тухай

"Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ гэвэл нэгдүгээрт бид Монгол хүнийг чадавхжуулахад анхаарах ёстой.  Монголын төрийг хариуцлагатай болоход онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Дээр нь бүтээлч хүн, хамт олонд боломж олгох ёстой"
"Төрийг хариуцлагатай болгоно гэдэг нь мөнгө зарахгүйгээр хийчих ажил байхгүй юу"
"Төр муу байгаа юмаа шахаад гаргадаг нүхтэй сүвтэй, хуультай механизмтай болох хэрэгтэй"
"Монголын хөгжлийн туйлын зорилго бол ардчилал, зах зээл биш. Харин Монгол хүн бүр хувь заяандаа эзэн болох"
"Монгол Улсын хөгжлийн философи бол Монгол хүн эрхтэй, мэдэлтэй, бололцоотой байх ёстой"
"Монгол хөгжлийнхөө дардан зам дээр гарсан уу гэж хүмүүс асуудаг. Гараагүй. Гарах ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй"
"Энэ таны хүсч байсан Ардчилал мөн үү гэж асуудаг. Мөн. Монгол хүн өнөөдөр эрхтэй байна"
"Ардчиллын мөн чанар хүн бүрийн дур хүслийг хамгаалахад биш ДҮРГҮЙ БАЙХ ЭРХИЙГ хамгаалахад оршдог"

Мүүний тухай

"Мүүнийг би шашин гэдэгт эргэлздэг. Үүнийг би өөрийгөө шүтүүлэх гаж үзэгдэл гэж харж байгаа. Би энэ үзэгдэлд дургүй"
"Та яагаад Мүүнтэй холбогдож байсан юм бэ гэсэн асуулт ирж байна. Надад олон улсын урилга ирж байсан. Хурлын нэр тухайн үедээ олон улсын маш чухал асуудлууд байсан"
"Би Мүүнийг муу юм байна, дагаж дэмжээд байх зүйл биш юм байна гээд салсан. Одоо надад ямар ч холбоо байхгүй"
"Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч байхдаа Мүүнтэй уулзаагүй юм шүү. Өмнө нь уулзсан"
"Мүүн миний хацар дээр гараа тавиад “Гэрэлтсэн хацартай залуу байна” гэсэн. Тэгэхэд миний дургүй хүрч байсан"
"Ер нь Монгол уламжлал соёлдоо ойрхон бай, нэг юмыг сонсоод дагаж гүйдгээ боль"
"Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ?"
"Мүүн бол гаж үзэгдэл. Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй. Цагийн чинь гарз"
"Ерөнхийлөгч хүн ард түмнийг төлөөлдөг учраас хувь хүнтэй мэтгэлцээнд орох нь зохимжгүй гэж үзэж байна"
"Би C1 телевизээр “Цензургүй яриа” нэвтрүүлгийг гаргахыг хориглоогүй"
"Мүүнийг муу гэж үзэж байгаа бол бушуухан салах хэрэгтэй. Надад ямар ч холбоо байхгүй"

Улс төрчдийн тухай

"Хууль зөрчдөг хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг гэж би боддог"
"Би зарим хүмүүстэй уулзаад хэлж байсан. Чи нэр дэвшээд хэрэггүй ээ гэж"
"Буруу зүйл хийж байгаа хүмүүс улс төрөөс гарах нь зөв"
"Хараад байхад хуулиас зугтдаг даварсан хоёр л этгээд Монголд байна. Улс төрийн хүрээнд шүү"
"Би Таван Толгойг авъя гэж надад Баттулга хэлж байсан. Гадны хөрөнгө оруулагчид чамайг итгэлтэй найдвартай түнш гээд сонгоод явбал чи ав л гэсэн"
"Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа зугтаалгадаг, тархи угаасан захиалгат нэвтрүүлгээр бусдыг гүтгэдэг, хүмүүсийг хагаралдуулдаг, хөлсний бичээчтэй цөөхөн хүн байна"
"Ганбатын гадаад улсын иргэн болох хүсэлт над дээр орж ирээгүй. Монголын иргэн Америкийн иргэн давхар болохыг хориглодог"
"Америк паспорт ашиглаад Монголоос хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз"

Монгол ёсолгооны тухай

"“Тэнгэрийн хүү” жүжгээс Монгол ёсолгооны санааг олсон"
"Хүннү баатрын ёсолгоог харвал Монголын газрын зурагтай адилхан хэлбэртэй харагдсан. Тиймээс энэ чинь л Монгол ёсолгоо байна гэж бодсон"

Өөрийн уг гарлын тухай

"Миний өвөг дээдэс Монголын газар нутагт хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Хаа нэгэн газраас нүүж ирээгүй"
"Миний удамд захчин хошууны захирагч хийж байсан хүн бий"
"Миний төрсөн Баатар хайрхан уул бол нүүдэлчнээс өөр соёлтой ямар ч хүн амьдрах аргагүй газар"

Олон нийтийн сүлжээний тухай

"Элбэгдорж фэйсбүүк хөтөлдөг гэдэг. Бараг л шалиг завхай  гэх нь холгүй л байдаг. Би фэйсбүүк хөтөлдөг.  
Фэйсбүүк хөтөлснөөр манай ард иргэд мэдээлэлтэй байг. Мэдээлэлтэй байх тусам мэдлэгтэй болно. Эхлээд будилна. Түүнийгээ сүүл рүүгээ ялгаж сурна. Орж ирж байгаа бүхэн манай хүмүүст хичээл болно. Үүний эхлэлийг тавьж өгөх ёстой. Бид энэ боломжийг нь олгох ёстой. 
Олон нийтийн сүлжээнд нэрээ нууцлаад, худлаа зураг тавиад, түүнийг нь мөнгөтэй төгрөгтэй, янз бүрийн буруу аргатай хүн хэдэн арваар нь худалдаж аваад, ард түмэн, хүүхэд залуучуудын тархийг угаах гэж явж байгаа. Мэдэж байгаа. Гэхдээ тэр нь цөөхөн байгаа. Сүүл рүүгээ үүнийг муу юм гэж үздэг болно. 

"Дээр үед 1990 онд Алтанцөгцний хэрэг гэж нийгмээрээ шуугиж гарч байсан. Сүүлийн үед бурхнаар бөөлждөг хүүхэн гараад ирсэн. Эхлээд зарим нь хараад нээрээ ч бөөлжөөд байгаа юм уу гэж байсан. Телевизийн сурвалжлагч оччихсон ярилцлага аваад сууж байсан та яаж бөөлжиж байна, хаанаас гарч байна гээд. Энэ бүхэн дундуур дарга нь ч бай, цэрэг нь ч бай, Ерөнхийлөгч нь ч бай, иргэн нь ч бай бүгдээрээ л яваад суралцаж байгаа. Бүгдээрээ л яваад суралцъя ийм л нийгэм.
Төр засгийн хүмүүс жиргээнд орж ард нийтийнхээ санал бодлыг сонсох хэрэгтэй. Фэйсбүүк хөтлөх нь байх ёстой зүйл гэж боддог. Жиргээнд орох хэрэгтэй"

З. Энхболдын ярьсан ярианы тухай

Би тэр яриаг үзэж амжаагүй явж байгаа. Гэхдээ нэг юмнаас хальт харахад намынхаа гишүүдтэй суугаад ярьж байгаа нь нээлттэй яриа биш байсан байх гэж боддог. З.Энхболд шударга ёсыг эрхэмлэдэг шударга хүн гэж боддог. 
Утсаа унтрааж байгаарай гээд асуулт хариулт гараад дотоод асуудлаа ярьсан байж магадгүй. Түүнийг нь бичиж аваад дамжуулж байгаа бол ёс зүйтэй асуудал биш.

Өрийн асуудлаар

1990 оны хуучин тогтолцооны үед бидний авч байсан өр байнга улсын нэр дээр бичигдэж явдаг байсан. Сая явсаар байгаад тэр өрийн хамгийн сүүлчийн хэсэгхэн үлдэгдэл нь шийдэгдлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЗХУ-ын БНМАУ-ын өр зээл бүрэн дууслаа гэдгийг хэлсэн. Би үүн дээр нэг л байр суурь баримталдаг. Бид Оросын удирдлага, ард түмэнд талархлаа илэрхийлэх ёстой гэж боддог. 
Өрийн асуудлыг Монголын ямар нэгэн улстөрч хэн нэгэн өөрийн гавьяа гэж авч гүймээргүй байгаа юм. Хэцүү цагт бидэнтэй үргэлж хамт байсан хойд хөршдөө бид талархах ёстой. 
Энэ өрийн бүтцийг авч үзвэл ойролцоогоор 70-аад хувь нь манай аж ахуйн нэгжүүдийн авсан зээл, босгосон бонд байдаг.
Бонд хамгийн гол нь зарцуулалтдаа байгаа. Гаднаас орж ирж байгаа нэг доллар дээр долоон доллар босгоё гэдэг байр суурьтай байгаа.