Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад үг хэлнэ

ГХЯ
2015 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байгаа “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 25-ны өдөр байр сууриа илэрхийлж үг хэлэх ба дээд хэмжээний уулзалтын үеэр болох “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож, төрийн үйл ажиллагааг хариуцлагатай, үр ашигтай болгох үүднээс санаачлан хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, тухайлбал “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих болон “Шилэн дансны хууль” –ийн талаар танилцуулж үг хэлнэ.

НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж байгаа түүхэн цаг үед болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ.

НҮБ-ын түүхэнд хамгийн олон Төр, засгийн тэргүүн оролцож байгаа НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болон Ерөнхий санал шүүмжлэлд манай улс төрийн тэргүүний түвшинд оролцож байгаа нь олон улсад энх тайван, аюулгүй байдлыг тогтооход өөрийн хувь нэмрээ оруулах, олон талт хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох манай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.