Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Дүнжингарав" морин уралдааны үеэр 9 биш 16 хүүхэд мориноос унаж, 2 нь машин мөргөж ХҮНД бэртээд байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
 

"Дүнжингарав-2018" уралдааны үеэр мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн биеийн байдал ямар байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодрууллаа.

Өнөөдөр өглөө өгсөн Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээллээр есөн хүүхэд мориноос унаж бэртсэн гэж байсан бол ГБХЗХГ-аас өгч буй мэдээллээр ес биш 16 хүүхэд бэртээд байна. 


-Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Дүнжингарав-2018" уралдаан болсон байна. Танай агентлагийн зүгээс уг уралдаан болох гэж байгааг мэдэж байсан уу?

- "Дүнжингарав-2018" уралдаан гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдахаар боллоо гэдэг мэдээллийг гуравдугаар сарын 1-ны өдөр бид албан бусаар авсан. Ингээд зохион байгуулагч тал буюу ММСУХ-той 16-ны өдөр уулзсан. Бүртгэл 17-ны өдөр зохион байгуулагдана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгааг нь мэдээд тэр өдрөө агентлагийн даргын тушаал гарч манай газраас 10, орон нутгийн энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудаас 10 нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй бид 17-ны өдөр Баянтал суманд очсон.

- Өвөл, хаврын уралдаанд 12-оос дээш насны хүүхэд уралдуулах тухай Засгийн газрын тогтоол байгаа шүү дээ. Уг тогтоол хэрэгжсэн үү?

- Бид яг тэр тогтоолыг хэрэгжүүлэхээр газар дээр нь очиж ажилласан. 12 хүртэлх насны хүүхдээр морь унуулахгүй байх, хүүхдүүдэд стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөх ажлыг зохион байгуулахаар очсон. Хүүхдийг хэдэн настайг тодорхойлдог цорын ганц бичиг баримт болох төрсний гэрчилгээг үндэслэн бүртгэл явуулсан. 

Бид 12 настай 85, 13 настай 62, 14 настай 49, 15 настай 20 гэх мэтчилэн яваад 18-аас дээш насны гурван хүн нийтдээ 307 морь унаж уралдах хүүхдийг бүртгэсэн. Гэвч бодит байдал дээр уяачид 12 нас хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ авчирч бүртгүүлчихээд, 12-оос доош насны хүүхдүүдээр хурдан морь унууллаа.

- Цагдаагийн байгууллагаас есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл өгсөн. Унаж бэртсэн хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?

- Нийт 16 хүүхэд мориноос унасан. Энэ дотроос гурван хүүхэд нь хүнд хэлбэрийн гэмтэлтэй байсан. Хоёр хүүхэд нь үзэгдэх орчин хязгаарлагдмалаас болоод уралдааны үеэр машин мөргөж унаад ухаан алдсан байгаа. Ухаан алдсан хоёр хүүхдийн нэгийг ГССҮТ-д хүргэж эмчилгээ хийсэн.

Биеийн байдал харьцангуй тогтворжиж дээрдэж байна.

Нөгөө нэг хүүхэд маань Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн. Бас нэг хүүхдийн шилбэний яс хугарсан. Хөлөө шохойдуулаад, дараагийн шатны эмчилгээг хийлгээд явж байна.

Мориноос унасан 16 хүүхдийг газар дээр нь эмнэлгийн оношилгоо, үйлчилгээнд хамруулсан. Орон нутгийн эмнэлгийн байгууллагууд маш сайн, шуурхай ажилласан гэдгийг онцолж хэлмээр байна. Дээрх дурдсан гурван хүүхдээс бусад хүүхдийн биеийн байдал тогтвортой сайн байгаа.

- Мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн насны байдлыг харвал?

- ГССҮТ дээр эмчлүүлж байгаа, хамгийн хүнд гэмтсэн хүүхэд 11 настай болох нь тогтоогдсон. Тэр хүүхдийг 12 нас хүрсэн мэтээр бүртгүүлсэн уяач нь Төв аймгийн иргэн байгаа.

- Тухайн иргэнд ямар хариуцлага тооцох вэ?

- Зөрчил хянан шийдвэрлэх хуулийн дагуу Хүүхдийн эрхийн улсын байцаагч "Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц тоглоом наадамд оролцуулсан бол" гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэнэ. Тухайн этгээдийн байгаа газар, албан ёсны хаягийг эхний байдлаар тогтоосон. Хүүхдийн эрхийн байцаагч уг хэрэг дээр ажиллана.

 
 
 
 
 
 
 

- Танай агентлагийн зүгээс хаврын уралдааныг хориглох, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан хойшлуулах эрх байхгүй юу?

- Байхгүй. Мэдээж бидэнд тийм эрх байхгүй. Уралдааны зохион байгуулалт маш муу байсан гэдгийг хэлмээр байна. Тэнд байгаа цагдаагийн алба хаагчид хаа хаанаа хүрэхгүй, хяналтаа тогтоож чадахгүй байсан.  Дугаар нь мэдэгдэхгүй машинууд морьтойгоо хамт нэг зам дээр ямар ч хяналтгүй орж ирж байсан. 

Цаг агаар хэдий дулаан байсан ч орчны тоосжилт өндөр байсан. Уралдаж байсан хүүхэд урдаа явж байгаа тээврийн хэрэгслийг харахгүй очиж мөргөсөн гэхээр л ойлгомжтой.