Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Зориг: Гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэгүй түгээнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор  “Инноваци автотээвэрт” сэдэвт өдөрлөгийг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулна.

Өдөрлөгөөр Монголд үйлдвэрлэж буй наклад, баруун, зүүн хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгох, хол, ойрын гэрлийг автоматаар солигддог байхаар тохируулах зэрэг олон сонирхолтой бүтээл, шийдлүүдийг танилцуулах юм.

Тэгвэл автомашины гэрлийн тусгалыг хэрхэн зөв болгох, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар Автотээврийн үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зоригоос цөөн зүйлийг тодрууллаа.

-Гэрлийн тусгалыг өөрчлөх тусгай бэлдэцийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын 50 гаруй хувь нь баруун талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй байдаг. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь мөн буруу тусдаг. Өөрөөр хэлбэл их гэрлийн ойрын тусгал нь буруу тусдагаас эсрэг урсгалаас орж ирж буй автомашины жолоочийн нүдийг гялбуулдаг. Энэ гялбалтаас болж шөнийн цагаар янз бүрийн осол аваар гарах магадлал маш өндөр байдаг. Тиймээс манай төв буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг хэрхэн өөрчилж, зөв болгох талаар судалж үзсний үндсэн дээр тусгай бэлдэц ашиглахаар болсон юм.

Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдэд замын хөдөлгөөнийг зорчих хэсгийн баруун гар талаар явуулахаар хуульчлан тогтоосон боловч тээврийн хэрэгслүүдийн жолооны хүрдний байрлалыг тодорхой зааж өгөөгүйн улмаас уг дүрэм, журамд нийцээгүй баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинууд дийлэнх хувийг эзлэх хандлагатай болсон.

Зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүйгээр замын баруун гар талыг илүү сайн гэрэлтүүлдэг техникийн шийдэлтэй байдаг. Харин баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэн, зорчих хэсгийн зүүн гар тал уруу илүү их гэрэл хуваарилдаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй.

-Улсын хэмжээнд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн 50 хувь гэхээр 250 мянга орчим тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилнө гэсэн үг үү?

-Ер нь бол автомашины их гэрлийг гэрэл хуваарилах зарчим дээр тулгуурлан үйлдвэрлэдэг. Фар нь гэрэл үүсгэгч, гэрэл ойлгогч, линз, модуль, корпус зэрэг эд ангиудаас бүрддэг. Эд анги бүр өөрийн гэсэн нарийн бүтэцтэй. Жишээлбэл, сүүлийн үеийн гэрэл ойлгогч нь чөлөөт гадаргуутай, өөрөөр хэлбэл олон жижиг гадаргуугийн орон зайн байрлал нь компьютер графикийн аргаар тодорхойлогдсон байдаг.

Гэрэл хуваарилалтыг америк буюу тэгш хэмтэй, европ буюу тэгш хэмтэй бус гэрлийн хуваарилалт гэж ангилдаг. Европ маягийн гэрэл хуваарилалтыг замын хөдөлгөөний дүрмийн ялгаатай байдлаас хамааран зүүн гарын дүрмээр хөдөлгөөний чигт нийцсэн, баруун гарын дүрмээр хөдөлгөөний чигт нийцсэн гэж ялгадаг юм.

1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр автомашин замын хөдөлгөөнд оролцох нь их болсон. 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй  байна гэсэн судалгаа бий. Мөн шөнийн цагаар гарч байгаа зам тээврийн осолд баруун  гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг байж болзошгүй байдаг. Тодруулбал, нийт ослын олонх 18:00-00:00 цагийн хооронд  гарсан байдаг. Тэр ч  утгаараа Монгол Улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох шаардлага тулгарч байна.

-Ингэхэд олон улсад гэрлийн хуваарлилтыг өөрчлөх ямар аргачлал туршлага байдаг юм бол?

-1958 онд Женев хотод батлагдсан хэлэлцээрийн хүрээнд НҮБ-аас гаргадаг техникийн зохицуулалтаар зүүн гарын дүрмээр замын хөдөлгөөний чигт нийцсэн гэрлийн хуваарилалтыг баруун гарын дүрмээр хөдөлгөөний чигт нийцүүлж өөрчлөх аргуудыг зөвшөөрсөн байдаг. Бид НҮБ-аас гаргасан техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд  MNS4598-2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартад нэмэлт заалт оруулсан.

Тодруулбал, Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартын  “Нийтлэг шаардлага” хэсэгт, замын хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсэхээс сэргийлж зүүн гар талын хөдөлгөөнд нийцсэн гэрлийн тусгалыг баруун гар талын хөдөлгөөнд нийцсэн гэрлийн тусгалтай болгож өөрчилж болно. Энэ тохиолдолд 0.86D-1.72R цэгт гэрлийн хүч 2,500 кд-аас их, 0.57U-3.43L цэгт гэрлийн хүч 880 кд-аас бага байна гэж... Өөрөөр хэлбэл, гэрлийн тусгалыг өөрчлөхдөө 1958 онд Женев хотод батлагдсан хэлэлцээрийн хүрээнд, НҮБ-аас гаргасан техникийн R112 дугаар зохицуулалтын 5.8.1 болон 5.8.2.2-т заалт, гэрлийн тусгалыг хэмжихдээ техникийн R48 дугаар зохицуулалтыг баримталсан.

-Тэгвэл гэрлийн тусгалыг өөрчлөх тусгай бэлдэцийг жолооч нар маань хэрхэн авах вэ. Үнэ ханшийн хувьд хэд байх бол?

-Бэлдэцээ энэ сард авто засварын газруудаар дамжуулан жолооч нартаа хүргэхээр авто засварын газруудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Мөн замын цагдаа нартай хамтарч хяналт тавихаар ярилцаж байна.

Дашрамд хэлэхэд, тусгай бэлдэцийг үнэгүй өгөх юм. Товчхондоо авто засварын газраар үйлчлүүлсэн жолооч нар маань уг бэлдэцийг үнэгүй хийлгүүлнэ гэсэн үг. Мөн бид инженер техникийн ажилтан, тээврийн хэрэгсэл ашиглагч нартаа зориулж, баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашины их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх гарын авлага гаргаж байна. 

 

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв