Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

iKon.mn 2017 оны Монгол Улсын шилдэг мэдээллийн сайтаар шалгарлаа

ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
iKon.mn сайтын Мэдээ, мэдээллийн баг,

iKon.mn сайт нь 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн билээ.  Бид байгуулагдсан цагаасаа эхлэн Монголд мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг технологийн шинэ боломжуудтай хослуулан уншигч, үзэгчдийн сонорт хүргэхээр хичээн ажиллаж байна. 

2017 онд гэхэд бид:

НЭГ. Ерөнхийлөгчийн Сонгуулийн үр дүнг мэдээлэхдээ олон улсын хэвлэл мэдээллийн стандартад нийцсэн байдлаар нэвтрүүлэв;

 
 

ХОЁР. Уншигч хүлээн авагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  Нийгэмд хамгийн эрэлттэй байгаа боловсролын агуулгыг нийгмийн хариуцлагын үүднээс бэлтгэн хүргэж байна;

Тухайлбал, Ikon.mn сайт нь 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн жилтэй холбогдуулан иргэд, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Цагаан сонголт" зэрэг танин мэдэхүйн агуулга бүхий мөн шүүмжлэлт цуврал өгүүлэл сурвалжлага бэлтгэн үүний үр дүнд 100 мянга орчим хүн "Цагаан сонголт" хийж өдгөө энэ эрхийг төгөлдөржүүлэх залуусын төрийн бус байгууллага хүртэл байгуулагдаад байна. Энэ нь хэвлэл мэдээллийн дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлэх эрх баригч улстөрийн нам, хүчнүүдэд дохио өгч, иргэд, сонгогчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх замаар зөв сонголт хийлгэх зорилго бүхий кампанит ажил байлаа. 

Түүнчлэн 2018 оны төсвийн тухай багц хууль, 2017 оны төсвийн тодотголтой холбоотой зарим хуулийн өөрчлөлтөөр иргэдийн орлогыг бууруулж, төрийн зардлыг нэмэгдүүлэх гэж байгааг тоо баримтаар iKon.mn сурвалжлан нийтэлж иргэд, уншигчдын мэдэх эрхийг хангалаа. 

Бид улстөр, хууль эрх зүй, эдийн засаг, боловсролын чиглэлийн мэдээллийг мэргэжлийн хуульч, эдийн засагч, багш нартай хамтран та бүхэндээ хүргэж байгаагаа дуулгахад таатай байна. 

ГУРАВ. Иргэдийн мэдээлэл авах орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хөгжингүй орнуудад ашиглаж буй  мэдээлэл түгээх олон төрөлт арга хэрэгслүүдийг туршин Монголд шинээр нэвтрүүлсээр байна;

Рейторс Институтын “Дижитал тайлан 2017”-д хэрэглэгчдийн мэдээлэл хүлээн авах суваг нь олон нийтийн сүлжээ тэр дундаа өөрийн мессенжер үйлчилгээндээ хүссэн мэдээллээ хүлээн авах хандлага түгж энэ нь цаашдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ түгээх гол сувгийн нэг болох хандлагатай байгааг дурджээ. 

iKon.mn сайтын хувьд ч энэ хандлагыг дагаж 2016 оноос өөрийн албан ёсны Фэйсбүүк хуудаснаас чатбот үйлчилгээг үзүүлж байна. Энэ нь хэрэглэгч өөрөө хүссэн тохиолдолд тухайн өдрийн хамгийн эрэлттэй мэдээлэл зэргийг өөрийн хувийн мессенжертээ хүлээн авах үйлчилгээ юм. iKon.mn 2017 онд энэ үйлчилгээгээ өргөжүүлэн ШУУРХАЙ мэдээллийг мөн хэрэглэгчдэд мессенжерээр түгээж эхлээд байна.

 

Мөн iKon.mn апликейшнийг суулгасан 270 мянган хэрэгчлэгчдэд бид ШУУРХАЙ мэдээ түгээж байна. 

Түүнчлэн Авлигатай Тэмцэх Газрын жил бүр гаргадаг төрийн өндөр албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бид жил бүр дата визуал аргаар дата анализ хийж уншигчиддаа түгээж байгаа нь хамгийн эрэлттэй агуулгын нэг байсаар байгаа юм. 

Агуулгын хувьд мөн Монголын Үндэсний баяр наадам тэр дундаа хүчит бөхийн барилдааны үр дүнг уламжлалт бус буюу дата визуал байдлаар жил бүр шинэлэг аргыг туршин уншигчдадаа сонирхолтой контент хүргэж байна. 

 

Энэ мэт сэтгүүл зүй, технологийн дэвшлийг хослуулан олон шинэлэг үйлчилгээ, агуулгыг бид Монголдоо анхлан нэвтрүүлэхээр хичээн ажиллаж байгаа юм.

Тиймээс ч 2017 оны дээрх шинэлэг бүтээлүүдээрээ Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн салбарын шилдгийг шалгаруулах шалгаруулалтад "Шилдэг Мэдээллийн Сайт" -ийн төрөлд өрсөлдөж  2017 оны Монгол Улсын шилдэг сайтаар шалгарлаа. 

iKon.mn сайт 2013 онд байгуулагдаж дараа нь жил буюу нэгхэн жилийн дотор мөн Монгол Улсын Шилдэг вебсайтаар шалгарч байсан билээ. Өөрөөр хэлбэл бид, МСНЭ-ийн хэвлэл мэдээллийн салбарын шилдгийг шалгаруулах үйл ажиллагаанд Редакцийн бодлогоор хоёр л удаа оролцож, хоёрт нь шилдгээр шалгарсан амжилт үзүүллээ. 

Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын 2017 оны шилдгүүдэд:

  • Монгол Улсын 2017 оны Орон нутгийн шилдэг сэтгүүлчээр Дорноговь аймгийн “Ди медиа” агентлагийн захирал, сэтгүүлч З.Энхзул, 
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлчээр “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Г.Аргуужин, 
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр DNN.mn сайтын сэтгүүлч Б.Янжмаа, 
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлчээр “Гранд” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч М.Уранчимэг, 
  • Радиогийн шилдэг сэтгүүлчээр “Шинэ Монгол” радиогийн сурвалжлагч А.Алтанхүү, 
  • Телевизийн шилдэг сэтгүүлчээр Хөвсгөл аймгийн “Далай ээж” телевизийн захирал, сэтгүүлч Б.Сарантуяа, 
  • Сонины шилдэг сэтгүүлчээр “Зууны мэдээ” сонины сурвалжлагч С.Уянга, 
  • Шилдэг судлаачаар МУИС-ийн багш, доктор профессор М.Зулькафиль, 
  • Шилдгийн шилдэг сэтгүүлчээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга,
  • Салбарын шилдэг менежерээр “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион нар тус тус шалгарав.

Шилдэг байгууллагуудад:

  • Монгол Улсын орон нутгийн шилдэг сониноор “Өнөөгийн Эрдэнэт”, 
  • Шилдэг телевизээр “Дорнод” телевиз, 
  • Мэдээллийн шилдэг сайтаар iKon.mn, 
  • Шилдэг сэтгүүлээр “Зиндаа”, 
  • Шилдэг сониноор “Үндэсний шуудан”, 
  • Шилдэг радиогоор “Монголын дуу хоолой”,
  • Монгол Улсын 2017 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Монгол ньюс” групп, 
  • Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар “Засгийн газрын мэдээ”, Баян-Өлгий аймгийн “Монгол Заман” сонин, нийслэлийн ЗДТГ-ын Ulaanbaatar.mn сайтыг тус тус шагнагдлаа. 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.