Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Мазаалай” хиймэл дагуулыг тээвэрлэсэн пуужин амжилттай хөөрлөө

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

SpaceX компанийн Falcon 9 пуужин Олон Улсын Сансрын Станцад хангамжийн ачаа хүргэхээр өнөөдөр өглөө амжилттай хөөрлөө. Энэ бол Илон Маскийн компанийн 11 дэхь нислэг бөгөөд олон дахин ашиглагдах Dragon хөлгийг дахин сансарт илгээж байгаа анхны тохиолдол юм.

Falcon 9 пуужин өнгөрсөн Пүрэв гарагт хөөрөхөөр төлөвлөгдөөд байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хойшилжээ. Харин өнөөдөр хөөрөх үед нь цаг агаарын тааламжтай нөхцөл 90 хувьтай бүрдээд байгааг NASA мэдээлж байв.

Dragon хөлөг 2.7 тонн орчим жинтэй ачааг Олон Улсын Сансрын Станцад хүргэнэ. Үүн дотор ЮНЕСКО болон Японы засгийн газрын хэрэгжүүлж байгаа “The Joint Global Multi-Nation Birds Satellite” төслийн хүрээнд Монголчуудын илгээсэн “Мазаалай” бага оврын хиймэл дагуул багтаж байгаа юм.

Энэхүү төсөл нь сансар судлал хөгжөөгүй орнуудыг анхны хиймэл дагуулаа хөөргөхөд нь дэмжих зорилготой.

Хоёр жил орчим үргэлжилсэн төсөлд Монгол, Гана, Япон, Бангладеш, Нигерийн оюутнууд оролцож, 1U CubeStats судалгааны бага оврын хиймэл дагуулыг бүтээсэн юм.

Газрын гадаргаас 400 километр орчим зайнд байрлах хиймэл дагуултай манай судлаачид өдөрт 5-6 удаа холбогдож мэдээлэл авах боломжтой юм байна.

Ийнхүү өөрийн хиймэл дагуултай болсноор бие даасан сансрын судалгаа хийх, нутаг дэвсгэрийнхээ илүү нарийвчилсан зураглал гаргах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэх ач холбогдолтой ажээ.

Falcon 9 пуужинг хөөргөх ажиллагааг шууд дамжуулсан дүрс:

 

Эх сурвалж: NASA, SpaceX