Уншиж байна ...

"Чуулганаар төсөв, ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, сахилга бат зэрэг асуудлыг хэлэлцэхэд ярих эрх бүгдэд нь нээлттэй"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "УИХ-ын тухай болон дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн үг хэлэх нь хязгаартай болж байна. Намын бүлгүүдэд цаг оноож, бүлэг нь өөрөө ямар гишүүнээр үг хэлүүлэхээ сонгохоор болж байгааг гайхаж байна. 

УИХ-ын гишүүн бол ард түмний элч гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл үг хэлэх эрхийг нь хязгаарлаад, бүлгийн зөвшөөрөл авч байж үг хэлэх болчхоор Үндсэн хууль зөрчихгүй юу" гэж асуулаа. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Энхболд "Бүлэг дээрээ гишүүд чөлөөтэй ярих эрхтэй. Мөн Байнгын хороон дээр байр сууриа илэрхийлж, чөлөөтэй ярьж болно. Бодлого боловсруулдаг бүтцийнхээ хэмжээнд, Байнгын хороон дээрээ чөлөөтэй яриад гараад ирсэн асуудлуудаар чуулган дээр үг хэлнэ. Чуулган дээр төсөв, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, сахилга бат гэх мэтчилэн асуудлаар бүгд ярих эрх нь нээлттэй.

Олон хүнтэй болчхоор бүгд үг хэлэхээр УИХ-ын үйл ажиллагаа сунжирна. Бүлэг дээрээ яриад саналаа нэгтгэчихвэл хэн нь илэрхийлж ярихаа сонгоно. Түүний цаана гишүүн бүрийн санал ямар нэг хэмжээгээр тусгагдсан байгаа гэж үзсэн. Мөн байнгын хороон дээр гишүүн бүр байр сууриа хэлж, тэр нь тусгагдсан гэж үзээд ийм зохицуулалтуудыг тусгаж байгаа. Үндсэн хууль зөрчөөгүй гэж бодож байна" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор санал хураах гэсэн боловч гишүүдийн ирц бүрдээгүй тул санал хураалтыг хойшлууллаа. 

Иймд дараагийн асуудал буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр Байнгын хорооны санал дүгнэлттэй танилцлаа. Харин санал хураалтыг үдээс хойшийн хуралдаанаар хийхээр болж, чуулганыг 14:00 цаг хүртэл завсарлууллаа.

Шууд үзэх:
https://fb.watch/rFAwd3jYqH/