Уншиж байна ...

Төрийн архивын удирдах ажилтан, улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн болж байна

ikon.mn
2024 оны 4 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын архивын салбарын ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлыг хэлэлцэн дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцдаг удирдах ажилтан, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр (2024.04.25) эхэллээ.

Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тусгай, төрөлжсөн төрийн 37 архивын удирдлага, улсын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн зөрчил шалган шийдвэрлэдэг хяналтын улсын байцаагч нар хамрагдаж байна.

зураг
 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо зөвлөгөөнд оролцож, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан архивын салбарт хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 онд батлагдсанаас хойш 24 журам, зааврыг хуульд нийцүүлэн шинэчлэн батлуулж, мөрдүүлж байгаа бөгөөд энэхүү зөвлөгөөнөөр архивын салбарын эрх зүйн шинэчлэлтийн үр дүн, шинээр батлагдсан журмуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

зураг
 

Мөн сүүлийн 4 жилд архивын салбарт хэрэгжүүлсэн ажил, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлох юм.

“Цахим үндэстэн” зорилтын хүрээнд албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем E-DOCUMENT.GOV.MN”, Архивын платформ “E-ARCHIVES.GOV.MN” системүүдийг нэвтрүүлж буй бөгөөд ингэснээр иргэд E-MONGOLIA системээс архивын 10 төрлийн лавлагаа, үйлчилгээг online-аар авах боломж бүрджээ. Үндэсний төв архив болон 21 аймгийн төрийн архив хооронд архивын лавлагаа, үйлчилгээг тоон гарын үсгээр баталгаажуулан солилцож байгаа юм.

 

Эх сурвалж: ХЗДХЯ